Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нар Японы Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ удаа уг хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд засвар бөгөөд 167752 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх аж. Энэхүү төсөл нь тус сургуулийн хичээлийн байрны гадна хана, халаалтын систем, цахилгааны шугам сүлжээ, цонх, хаалгыг иж бүрэн засварлаж, сургалтын орчныг сайжруулах зорилготой юм.
Үүний үр дүнд сурагч хүүхдүүд болон багш, ажилтнуудад аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан сургалтын орчин бүрдэж, улмаар тухайн орон нутгийн бага, дунд боловсролын орчин сайжрахад хувь нэмэр оруулна. Японы Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь Монгол Улсад хэмжээнд 636, Баянхонгор аймагт хэрэгжих 26 дахь төсөл юм.
“Өвсний үндэс”-ийг Японы Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны хөтөлбөр билээ. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Японы гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг байна.