2018.03.12 · niitlelch.mn (Archiv) · Архив

Уушгины хатгалгааны эсрэг вакцинд хамрагдахыг уриаллаа

Энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Энэ ажил газар дээрээ хэрхэн явагдаж байгаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар танилцахаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасагт ажиллалаа.

Тус дүүргийн хувьд өдөрт 20-25 хүүхэдэд вакцин хийдэг. Нийтдээ 150 хүүхэд хамрагдах ёстойгоос 94 хувийн хамрагдалтай байна.

Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ. Одоогийн байдлаар вакцинжуулалт 40 хувьтай үргэлжилж байна. Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ энэ онд 38 мянган хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг хүлээж авсан бөгөөд үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна гэлээ.

Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно.

Эцэг эхчүүд хүүхдээ өрхийн эмнэлэг дээрээ товлолын дагуу вакцинд хамруулах боломжтой юм байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.