26/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монголын “Эдийн засгийн наймдахь удаагийн чуулган” зохиогдоно

Энэ сарын 28-ны өдөр Төрийн ордонд Монголын эдийн засгийн наймдахь удаагийн чуулган болох гэж байна.

Өмнөх чуулгануудыг нэг үе шаттай зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнхыг хоёр үе шаттай хийхээр төлөвлөсөн юм.

“Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болох эхний шатны чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулна.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг. Засгийн газар бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулсан.

Татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг зорьж байна. Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хувийн хэвшлийнхнээс гаргасан саналыг төсөлд тусган УИХ-д өргөн барих юм.

Эдийн засгийн чуулганы таван салбар хуралдаанаар мөн Уул уурхай ба үр өгөөж, Түлш, утаа, түгжрэл, шийдэл, Тогтвортой хөдөө аж ахуй -Хөгжлийн тулгуур, Хувьчлал ба шинэчлэл, Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулагдах ажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.