11/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ерөнхий сайдын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод уулзав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаалд сонгогдсонд нь Антонио Гутеррешд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин баяр хүргэж, Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг урагшлуулах үйл хэрэгт НҮБ-ын гишүүний хувиар идэвхтэй оролцох байр сууриа цаашид ч баримтлахаа илэрхийлэв.

Ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар болох Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлж, энэ хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцохыг урилаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерреш Монгол Улс ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлэхийн зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.

Тэрээр дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч Монгол цэргүүдтэй уулзаж байснаа дурсан, тэдний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээр бахархаж явдгаа хэлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, олон талт дипломат үйл ажиллагааг цаашид ч дэмжихээ илэрхийлж, хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн хэрэгжилтэд амжилт хүслээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.