16/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Асрамжийн төвийн 500 хүүхдэд “Чингис хаан” хүүхэлдэйг үзүүллээ

Сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал асрамж халамжийн төвүүдийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүллээ.

Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж

“Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан.

Мөн үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа. Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй” гэв.

Монгол Улсын хэмжээнд нийт 33 асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 20 гаруй асрамж халамжийн төвийн хүүхдүүдийг ийнхүү баярлуулжээ.

Хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн болох “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзэж, гарын бэлэг авсан юм.

Уг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.