Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах “Тосон” дулааны цахилгаан станц 2025 оны нэгдүгээр сарын 17-нд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсоноос хойш 212 сая орчим кВт цахилгаан эрчим хүч боловсруулж, үүнээс 180 сая кВт-ыг нэгдсэн сүлжээнд нийлүүлжээ.
Тус станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч Алтай-Улиастайн эрчим хүчний системийн 16.4 МВт-ын хэрэглээг дангаар хангаж байна. Станц энэ оны аравдугаар сарын 22-ны өдөр үйлдвэрлэж, нийлүүлсэн цахилгаан эрчим хүчнийхээ 200 дахь сая кВт эрчим хүчээ боловсруулсан нь үйл ажиллагааны чухал амжилт болсон талаар “Тосон” дулааны цахилгаан станцаас мэдээллээ.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлээ өсгөхийн зэрэгцээ БНХАУ, ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолж байгаа энэ үед “Тосон” ДЦС нь баруун бүсийн эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Цаашид эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор станцын хүчин чадлыг 70 МВт-аар өргөтгөж, нийт 100 МВт хүргэхээр ажиллаж байна. Өргөтгөлийн хүрээнд цахилгаан дамжуулах шугам, Тэлмэн дэд станц болон трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Мөн тус станц Тосонцэнгэл сумын төвийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахад бэлэн болоод байгаа аж. Дулаан түгээж эхэлснээр айл өрхийн амьдрах орчин, тав тух сайжрахын зэрэгцээ орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломж нэмэгдэнэ. Түүнчлэн айл өрхийн түлшинд хэрэглэж буй модны хэрэглээ буурч, агаарын бохирдол, утааг багасгах, байгаль орчинд ээлтэй дулаан хангамжийг бий болгох ач холбогдолтой юм.
Төслийн эдийн засгийн үр өгөөж нь зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй. Станцын үйл ажиллагаанд шаардлагатай нүүрсийг орон нутгийн “Могойн гол” уурхайгаас татан авч байгаа бөгөөд үүний үр дүнд нүүрсний борлуулалт, бүс нутгийн эдийн засгийн эргэлт нэмэгдэж байна. Станц 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улсын болон орон нутгийн төсөвт жилд 2.2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг талаар “Тосон” дулааны цахилгаан станцын дулааны ахлах инженер Т.Идэрчулуун ярилаа.
Дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн уг төслийг “ЖЕМ Групп” ХХК-ийн харьяа “Тосон Энержи” ХХК хэрэгжүүлж, эхний ээлжийн бүтээн байгуулалтад 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Судалгааны ажлыг 2021 онд эхлүүлж, 2023 оноос барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, 2025 онд тус бүр 11 МВт-ын хүчин чадалтай хоёр блокийг үе шаттайгаар эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Эхний ээлжийн станц нийт 22 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 15 МВт хүртэл дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Төслийн хүрээнд станцаас Тэлмэн дэд станц хүртэл 61.7 км урт, 110 кВ-ын “Булнай” цахилгаан дамжуулах агаарын шугам болон ил хуваарилах байгууламж байгуулсан байна.