16/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Чөлөөт бөхийн Мадридын гранприд манай тамирчин ТҮҮЧЭЭЛЛЭЭ

~Чөлөөт бөхийн Мадридын гранприд манай тамирчин ТҮҮЧЭЭЛЛЭЭ~

Чөлөөт бөхийн Мадридын гранпри тэмцээн энэ сарын 14-15-нд Испанийн нийслэл Мадрид хотод боллоо.

18 дахь удаагийн тэмцээнд манай улсаас хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос 70 кг-ын жинд ОУХМ Санжаагийн Ганбаяр алт, 65 кг-д ОУХМ Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртэв.

С.Ганбаяр Мадридын дэвжээнд Германы Вильям Стиер, Канадын Диллон Уильямс, Казахстаны Аслан Куанышбеков нарыг ялж тус тэмцээний аварга болсон юм. Мөн “Арслан” клубийн тамирчин Т.Тулга аварга болох ерөөлтэй ОХУ-ын Артур Бадтиевт ялагдсан ч Тайваний Чан Ю-Суан, Унгарын Норберт Лукас, эзэн орны Хавьер Андижар нарыг ялснаар хүрэл медалийн эзэн болжээ.

Мадридад аварга болсон С.Ганбаяр АНУ-ын Мэриландын их сургуульд багшилж, “Нью-Йорк Атлетик” клубт данстай бөх.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны календарт багтдаг чөлөөт бөхийн “Канадын цом” олон улсын тэмцээн энэ сарын 7-нд Канадын Онтарио мужийн Гуэльф хотод болсон бөгөөд тус тэмцээнд чөлөөт бөхийн ОУХМ Санжаагийн Ганбаяр 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрбээр Канад, АНУ-ын бөхийг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Брэндон Соренсенд ялагджээ. С.Ганбаяр өнгөрсөн тавдугаар сардын сүүлээр Италид болсон Сассаригийн ОУТ-д ганцаараа оролцож түрүүлсэн билээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.