09/10/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Миний дуунууд-2018” үзэсгэлэн нээгдлээ

“Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав “Миний дуунууд-2018” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ.

Монголын урчуудын эвлэлийн “Bluefin” танхимд үзэсгэлэнгээ нээгээд байна.

Нээлтийн арга хэмжээнд анхны уран бүтээлийг нь дуулж, амилуулсан гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа, соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжмийн зохиолч Н.Халиун, залуу уран бүтээлч Ч.Очгэрэл, Б.Замилан нарын зэрэг рок попын төлөөллүүд оролцсон юм.

Үзэсгэлэнд Монголын рок попын дуучид болон тэдний тоглолтын торгон мөчийг хадгалсан гэрэл зураг, хөгжмийн зохиолч Л.Балхжавын хэрэглэдэг морин хуур, төгөлдөр хуур, гитар, түүний авсан шагнал, цом, дууны нот гэх мэт олон сонирхолтой зүйлс тавигджээ.

Тус арга хэмжээнд оролцох үеэрээ Л.Балхжав “Өнөөдрийн билэг дэмбэрэлтэй сайхан өдөр UBS телевизийн уран бүтээлчид санаачлан орчин үеийн хөгжмийн урлагийн сүүлийн 20 жилийн түүхийг багтаасан гэрэл зургийн үзэсгэлэн маань нээлтээ хийж байна. Энэ үзэсгэлэнг би өөрөө ихэд шохоорхон, шимтэн үзлээ. Миний дуунууд концерт маань тасралтгүй 20 жил үргэлжлэн болж байгаад сэтгэл маш өндөр байна. Энэ бол ганцхан миний хөдөлмөр биш. Олон яруу найрагч, хөгжмийн зохиолч, хамтлаг, дуучин, уран бүтээлч миний ард бий. Энэ жилийн тоглолтоо өмнөх жилүүдийнхээс илүү онцгой хийхээр бэлтгэл хангаж байна” гэсэн юм.

Тэртээ 1999 онд анхны “Миний дуунууд” тоглолт тоглогдож байсан бол одоо 20 жилийн ой, хөгжмийн зохиолчийн урлагт зүтгэсний 45 жилийн ой энэ жил тохиож байна. “Миний дуунууд-2018” тоглолт энэ сарын 26, 27-нд болно.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.