05/03/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

КОТ ДИВУАР: Дэлхийн санхүүгийн бодлого тодорхойлогчид чуулж байна

Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /СХН, The Alliance for Financial Inclusion, AFI/-ийн бодлого тодорхойлогчдын дээд хэмжээний чуулга уулзалт Бүгд Найрамдах Кот дИвуар Улсын Абиджан хотноо өчигдөр эхэллээ.

Нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн “Санхүүгийн хүртээмжийн ирээдүйг шинэчлэх нь” сэдэвт тус чуулганы хуралдааныг даргалав.

Дэлхий дахинд өнөөгийн байдлаар банк, санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 1.7 тэрбум хүн байна гэсэн судалгааг СХН-ээс гаргажээ. Тэдгээр хүмүүст санхүүгийн үйлчилгээг хүргэх стратегийг төлөвлөх, цаашид хүртээмжтэй санхүүг ямар чиг хандлагаар өргөжүүлэн хөгжүүлэхийг тодорхойлох зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хуралдаанаар хэлэлцэв.

Түүнчлэн хөгжиж буй орнуудад тулгарч буй санхүүгийн хүртээмж дэх жендерийн тэгш бус байдлыг багасгах арга зам, тэдгээрийн шийдлүүдийг эрэлхийлж, технологийн дэвшилд суурилан санхүүгийн хүртээмжийг тэлэх боломж, гарцуудын талаар хэлэлцэн, гишүүн улс орнуудын төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудад хандан дээрх асуудлуудаар зохих зөвлөмжийг өгөхөөр боллоо.

Бодлого тодорхойлогчдын дээд хэмжээний чуулга уулзалтад СХН-ийн гишүүн төв банкууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн дэлхийн санхүүгийн салбарын 180 гаруй удирдагчид оролцож байна.

Хорооны дарга, доктор С.Даваасүрэн чуулга уулзалтад тэргүүлэх байр суурьтай оролцож байгаа нь СХН дэх Монгол Улсын оролцоог улам бүр өргөжүүлэх ач холбогдолтой.

Учир нь хүн амын эмзэг бүлгийн оролцоо санхүүгийн салбарт нэмэгдэх хэрээр улс орны эдийн засгийн өсөлт болон санхүүгийн тогтвортой байдалд ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг тул санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь улс орны хөгжил, тэр дундаа банк, санхүүгийн салбарын өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэдэг юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.