Нүүр хуудас Нийгэм Боловсрол Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй

Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй

2440
0
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
Хүүхэлдэйн киноны нэгэн том төлөөлөл болсон Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Зураглаач, Найруулагч М.Мөрөнгуа-н байр суурийг сонсон, салбарын талаарх үнэн бодит мэдээлэл авах нь зүйтэй хэмээн бодсоны дүнд түүнтэй уулзаж, зохих мэдээллийг авсан юм.

Тэрээр Хүүхэлдэйн киног хөгжүүлэх үйлсэд гарамгай хувь нэмэр оруулж, хүүхэд багачуудын үзэх дуртай олон арван хүүхэлдэйн кино бүтээсэн, олон арван эрхэм уран бүтээлчдийн томоохон төлөөлөл. Хүүхэлдэйн кино нь ихээхэн нямбай чимхлүүр ажиллагаа, нарийн төвөгтэй горим  технологи, нөр их хөдөлмөр, тэвчээр шаарддаг, зураглаач, зураач, компьютерч зэрэг олон мэргэжлийн  хүмүүсийн хамтын хүчээр  бүтдэг урлагийн онцгой төрөл юм. Хүүхэлдэйг амилуулан хөдөлгөж  хүүхдүүдийн ой ухаанд хүртэл ярьж дуулуулахад ямар их бэрхшээлтэй нь ойлгомжтой. Кино урлагийн энэ төрлийг  Монгол телевизийн дэргэд үүсгэн хөгжүүлж, хүүхэлдэйн кино хийх  залуусыг сурган бэлтгэж, ажилсаг бүтээлч хамтлагийг  бий болгон, материалаг баазыг нь бэхжүүлэх ажилд хүчин зүтгэсэн юм. Түүний “Хоёр зараа” Эвтэй дөрвөн амьтан”,  “Эрх цагаан”, “Гацуурхан”, “Өнчин цагаан ботго”  зэрэг хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн жүжгийг  манай орны хүүхдүүд амтархан үзэж , сайн мэддэг болсон.

baatar
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
“Монголын кино урлаг хөгжиж байна” хэмээн уран бүтээлчид маань ам уралдан магтах болсон. Тэр үнэн, Монголын кино урлаг хөгжиж байгаа. Энэ бол яах аргагүй дэвшил. Гэхдээ манай уран бүтээлчид зөвхөн уран сайхны кино л хийж байгаа. Гэтэл нөгөө талд нь хүүхэлдэйн кино гэсэн “том салбар” ор тас хаягдчихсан. Хүүхэлдэйн кино гэхээр л манайхан хүүхдийн цаг нөгцөөдөг зугаа цэнгэл хэмээн үздэг. Эсвэл ээж аав, эмээ өвөөдөө садаа болохгүйн тулд ямар ч хамаагүй хүүхэлдэйн киног ойлгосон ч ойлгоогүй ч тасралтгүй үздэг. Монголын хүүхдүүд өдөр алгасахгүй гадны киногоор хүмүүжиж байна. Тасралтгүй хөөцөлдөж, унаж тусан, хөөрч нисэн, нэг нь нөгөөхөө чадаж, толгой тархигүй хавтгай болтол балбана, эсвэл тасралтгүй буудалцана. Өдөр бүр ийм хүүхэлдэйн киног үзсэн  хүүхэд  яг энэ байдлаар найз нөхдөө шоглохгүй гэдэгт итгэх аргагүй.

Томчуудын хувьд хүүхэлдэйн кино амилсан үлгэр бөгөөд бага насных нь  гэгээн  дурсамж. Харин хүүхдэд “хүүхэлдэйн кино” гэдэг бол жинхэнэ амьдрал байдаг. Тэд “сайхан сэтгэлт хүн эсвэл одой хүн, тусч амьтад, ид шидийн эмгэн, хорон санаат шулам” гээд хэн байх нь  хамаагүй тэр бүгдийг жинхэнэ амьдрал дээр байгаа мэт хүлээн авдаг сонин ертөнцтэй.  Тиймээс хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн хүсдэг гэр бүл, найз нөхдийн найрсаг харилцаа, арвич хямгач зан чанар, эцэг эхээ хайрлах, эх орноо хайрлах, энэрэнгүй сэтгэлтэй байх, түүх соёлоо мэддэг хүн болон төлөвшихэд хүүхэлдэйн кино онцгой үүрэгтэй.

Хүүхдүүд маань эх түүхээ хэр мэддэг вэ? Жишээ нь: “Мулан” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нь үнэхээр сайхан кино. Мулантай байлдаж буй эсрэг талын дүр нь бидний өвөг дээдэс “Хүннү гүрэн”-ний талаар гэдгийг хүүхдүүдийн хэд нь мэдэх бол. Монгол үндэстний түүх соёл, уламжлалыг өнөөгийн хүүхэд залуучуудад дамжуулж, харуулж чадах  хүчирхэг зэвсэг бол тайз дэлгэцийн бүтээл, тэр дотроо өнөөдөр дэлхийн телевизийн дэлгэцийг дүүргээд байгаа хүүхэлдэйн кино мөн.

baatar
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
Европийн олон орнууд, хүүхдэд буруу нөлөө үзүүлэхүйц гадны киног телевизээр үзүүлэхийг хорьсон байдаг. Улс болгон телевизийн сувгаараа хүүхдэд хүмүүжлийн болон амьдрах ухааныг хүүхэлдэйн киногоор дамжуулан олгож байна. Манайд ийм бодлого байгаагүй биш байсан. 1985 оноос “Хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино” хийх бодлогыг засгийн газраас дэмжин,  Монгол кино үйлдвэр, Монгол телевиз дээр хүүхэлдэйн кино цех байгуулагдан ажиллаж эхэлсэн юм.
Цөөн ч гэсэн хүүхэлдэйн киног тогтмол бодлоготойгоор хийж эхэлсэн нь хүүхдийн төлөө гэсэн тэр үеийн томоохон ажил, ахиц дэвшил байлаа. Монгол кино үйлдвэрийн хүүхэлдэйн киноны цехэд н.Буяндэлгэр, н.Нямдаваа, Ц.Дашдондог, Ц.Байды \МУУГЗ\, Ц.Намжилдорж, Сарантуяа, Баянзул, Р.Төгөлдөр,Л.Мандах, Д.Ганбаатар \одоо МҮОНТ-ын “Соно” студид найруулагч\ н.Нямбат, н.Пүрэвдорж, н.Батсүх гээд арав гаруй уран бүтээлчид “Эвэр”, “Худалч шаазгай”, “Тэмээн хад”, “Гэр”, “Залаат борхон”, “Царцаа Намжил”, “Өс”, “Лам мужаан хоёр”, “Шаргачин” гээд зурмал хүүхэлдэйн киног Монгол ардын үлгэрээс гол санааг нь аван эхлэн хийж, 1992 оныг хүртэл оршин тогтнож байсан түүхтэй. Үүнтэй зэрэгцээд Монгол телевизийн Телекино Үйлдвэрийн дэргэд мультцех байгуулагдаж, М.Мөрөнгуа, С.Мягмар, Ч.Болдсайхан, Р.Төгөлдөр, И.Санаасайн, Б.Тунгалаг, Ц.Дашиймаа, Ц.Төрбат, Д.Хишигт, А.Туул, н.Мөнхбаатар, н.Мейрам зэрэг 10 гаруй уран бүтээлчид 1992 он хүртэл “Өвгөн арслан хоёр”, “Эрх цагаан ишиг”, “Тус”,”Харилцах дэвтэр”, “Сайн жаал”, “Шаазан заан”, “Бувардай ба түүний нөхөд”, “Томоо Жижгээ хоёр”, “Азар, Базар, Тазар”, “Гацуурхан”, “Томуу мангаа”, “Хадгаламж ашигтай”, “Юм бүхэн цагтай”, “Зам дээр тоглох аюултай” зэрэг хүүхдэд  зориулсан 10 гаруй хүүхэлдэйн киног хүүхэлдэй, хайчилбар, зургийн аргаар хийж одоо болтол эдгээр кино нь цэнхэр дэлгэцээр цацагдсаар байна. 
baatar
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
МОНГОЛ ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ОНЦЛОГ

Ямарваа нэг киног бүтээхэд тухайн зохиол дээрээ тохирох жүжигчнээ олоод дараа нь ажил эхлэдэг бол хүүхэлдэйн кино тэс өөр. Юун түрүүнд дүрийнхээ царай төрхөөс эхлээд бүхнийг шинээр бий болгож, ийм хэсэг дээр ингэж хөдөлнө, ингэж харна гээд бүгдийг зурна. Минут, минутаар бус секундээс секундын дунд ажиллан бүтдэг. Нэг хөдөлгөөнийг л харуулахын тулд маш олон хувилбараар хийснээр сонгодог аж. Түүнчлэн уран бүтээлчид маань барууны шинжтэй хэтрүүлгүүдийг нэг их оруулахгүй хүүхдүүдийг хиймэл, кибер ертөнцөөс холдуулж, хөрсөн дээр нь буулгах хүсэлтэй байгаа гэнэ. Хүүхэлдэйн кино учир тулаан, хэтрүүлэг тодорхой хэмжээнд байх бөгөөд баатрууд бүр өөр, өөрийн гэсэн шидэт чадвартай байх юм. Түүнчлэн Монгол хүүхэлдэйн киноны эсрэг дүр ч бусдаас өөр. Худалч хуурмаг, зарц боолууд гээд нөгөө л амьдралд байдаг муу зүйл, увиагүй дүрүүдийг ч илэрхийлэх бөгөөд дайснаа дарлаа гээд ямар нэг харгис, түрэмгүй зүйлс гарахгүй ба муу зүйлс зүгээр л сарнин алга болж буйгаар дүрслэгддэг шинж чанартай.

baatar
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
ИХ ГҮРНИЙ ГАДААД БААТРУУД

Их гүрнүүд ирээдүйгээ хамгаалж, оюун санааны дархлаа тогтоохын тулд бүр бага балчираас нь анхаарч эхлэдэг. Өдгөө олон орны хүүхэлдэйн киноны онцлогоос үүнийг анзаарч болно. Дан ганц сэтгэлгээний онцлог төдийгүй үүнийг дагаад асар их бизнес, мөнгөний эргэлт явдаг учраас тэр. Хамгийн ойрын жишээ гэхэд ногоон нүдтэй, Орос үндэсний хувцастай, алчуур зангидсан бяцхан Маша охин. Хэчнээн эгдүүтэй хайр татам дүр билээ дээ! Гэтэл хүүхэлдэйн киног анзаараад байхад нөгөө л орос каша, дүнзэн байшин, данх, сав суулга гээд бүгд л Орос орны ахуй соёлыг өгүүлээд байна. Тус хүүхэлдэйн киног дэлхийн 25 орон гаргахыг хориглосон байдаг. Учир нь дэггүй хүүхдүүдийг давруулж, журамгүй явдлыг өөхшүүлсэн үйл явдал нь балчир жаалуудыг баллаж орхино хэмээн үзэн ийм шийдвэр гаргасан юм билээ. Мөн Украйны үндэсний шинжээчдийн комиссын шийдвэрээр “Спонж Боб”, “Лунтик ба түүний нөхөд”, “Маша баавгай хоёр”, “По­кемон”, “Симпсоныхон” “Том жерри хоёр” зэрэг хэд хэдэн хүүхэлдэйн киног нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна хэмээн дэлгэцээр гаргахыг хоригложээ. Гэтэл манай улсад байдал огт өөр. Бүх телевизээр зогсоо зайгүй гарсаар л байна.

baatar
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
baatar
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
Нэг үеэ бодвол сүүлийн жилүүдэд Боловсролын яамнаас уран бүтээлчдийн дунд хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаан зарлаж, тодорхой хэмжээний санхүүжилт өгч байгаа боловч энэ нь хүүхэлдэйн киноны төрөл дээр дорвитой бүтээл гарах хэмжээний эх үүсвэр болж чадахгүй нэр төдий болж байна. Хүүхэлдэйн киног бүтээхэд өртөг өндөр. Гадны улс оронд ялангуя АНУ-д нэг секундын өртөг нь гурван зуун америк доллар, харин Манай орны хувь нэг секундын өртөг нь гучин доллараар хэмжигдэж байна. Хүүхэлдэйн кино хийх техник технологи өөрчлөгдэн  компютерийн  аргаар хийдэг олон  төрлийн программ  бий болж, тэр дэвшилт техникийг нэвтрүүлэх нэн шаардлагатай. Үүнд Төр засгийн бодлого дэмжлэггүйгээс Монголын хүүхэлдэйн кино өнөөдөр зогсонги байдалд ороод байгаа нь нууц биш юм. Улс эх орон маань санхүү эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч дандаа ийм байхгүй нь мэдээж. Өнөөдөр хүүхдэд зориулсан уран бүтээл, тэр дундаа хүүхэлдэйн кинонд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Манайд хүүхэлдэйн киноны мэргэжлийн  найруулагч, зураач  гарын таван хуруунд багтах үгүйтэй. Мөн одоо байгаа уран бүтээлчдээ дэмжих, хүүхэлдэйн киноны мэргэжлийн зураачдийг /мультпликатор, найруулагч / гадаад дотоодод сургах, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, мэргэжлийн уран бүтээлчээр дамжуулан дараа дараагийн үеэ бэлтгэх нь зүй ёсны хэрэг юм.
baatar
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй
Хүүхдийн хүсэл сонирхлыг л татаж чадваас тухайн бараа бүтээл нь эзэндээ эрдэнэсийн уурхай нээсэн мэт хөрөнгийг цуглуулж чаддаг. Учир нь ямар ч эцэг эх үр хүүхдээсээ сайныг харамлаж чаддаггүйд нууц нь оршино. Том ашиг орлого олдог бизнесийн талбар зөвхөн томчуудад зориулсан бараа үйлчилгээ байдаггүйн нотолгоо нь  Уолт Диснейн  вант улс шүү дээ. Үндэсний өв соёлыг илтгэсэн өвөрмөц онцлогтой, үлгэр дуурайлалтай Монгол хүүхэлдэйн баатар бидэнд дутагдаж байна. Монголын өнөөгийн хүүхэд багачуудын бахархал болсон баатар гэж байдаг болов уу? Тэдний үлгэр дууриал болсон баатрууд ямар байдаг бол. Дандаа л гадны хүүхэлдэйн киноны баатрууд. Чихрийн уут, ундаа, тараг сүүний саван дээр ч тэр гадны үлгэрийн баатруудын инээмсэглэсэн зураг дүүрэн. Гэтэл бид хүүхдийн ертөнц рүү чиглэсэн бизнесийг цөөн хэдэн тоглоомын төв, хувийн сургууль цэцэрлэг, хэдэн чихэр ундаа төдийхнөөр сэтгэж ирлээ. Харин бид үнэхээр гадны хүүхэлдэйн кинотой дүйцэхүйц шинэ зүйлийг хийж чадвал хүүхдүүдийн анхаарал ч тийшээ чиглэж, ирээдүйд дүү нар маань “Алтан баатар, Эг гүнж”-ийн дүрд хувирах гэж хөөр баяр болох биз ээ.
baatar
Xүүхдүүдэд мөрөөдлийн “БААТАР” хэрэгтэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here