Нүүр хуудас Нийгэм Монголын өвлийн спортын анхны ордон нээлтээ хийлээ

Монголын өвлийн спортын анхны ордон нээлтээ хийлээ

172
0

Монголын өвлийн спортын анхны ордон болох  “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон төсөлд хамтран оролцсон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Миний бие дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа мөсөн ордны төсөлтэй танилцаж, Ерөнхий сайд байхдаа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт мөсөн өргөөний бүтээн байгуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэн, ярилцаж байсан. Үндэсний компаниуд эвлэлдэн нэгдэж, ард түмнийхээ хүсэл мөрөөдлийн нэг болох мөсөн өргөөг цогцлоон босголоо.   Монгол Улсад анх удаа инженерийн цоо шинэ техник, технологийг нутагшуулж, хүнд нөхцөл байдалд бэрхшээл, асуудлыг даван туулж, их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна” хэмээн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Түүнчлэн “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд Монгол Улс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилттай зэрэгцэн Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн өвлийн спортын битүү ордон бий болж байгааг онцлоод, цаашид Монгол Улсын баг тамирчид өвлийн олимпод амжилттай оролцох, хүүхэд залуус шинэ мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалгыг нээж байгааг тодотгосон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнөөдөр Улаанбаатар хотод түүхэн үйл явдал болж байна. 2600-3500 хүний суудалтай бүх төрлийн урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах боломжтой мөсөн ордныг П.Цагаан тэргүүтэй эрхмүүд санаачилсан. Тийнхүү “Ачит ихт” ХХК болоод бусад хувийн хэвшлийн томоохон компаниуд нэгдэн, хүүхэд залуучуудаа гэсэн сэтгэлийн хүчинд Улаанбаатар хотод өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг нэгээр нэмлээ. Уг төслийг санаачилсан, хамтран ажиллаж хувийн хэвшлийнхэндээ манлайлал үзүүлсэн бүхий л аж ахуй нэгж, байгууллагуудад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Хүүхэд, залуусыг өвлийн спортоор хичээллэх, цаашлаад өвлийн олимпод оролцох нөхцөл боломжийг хангаж өгсөнд туйлын баяртай байгаагаа дахин тодотгомоор байна. Цаашдаа Улаанбаатар хотын захиргаа энэ мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө”  нь 2600-3500үзэгч хүлээн авах хүчин чадалтай, хэвлэлийн хурал болон сургалт явуулахад зориулсан 80-100 хүний багтаамжтай хурал, уулзалтын танхимтай бөгөөд танхим, өрөө, хонгил, агуулах зэргээс бүрдэх хоёр давхар, 137 хэсэгтэй томоохон байгууламж юм. Харин уг ордны мөсөн дэвжээ нь Олон улсын олимпын хорооны стандартыг бүрэн хангасан 60х30 метр хэмжээтэй аж. Мөсөн өргөөнд өвлийн спортын тэмцээн уралдаанаас гадна соёл, урлагийн тоглолт, үзэсгэлэн, яармаг, хурал, цуглаан, семинар, сургалт, хурим, насны ой зэргийг зохион байгуулах бүрэн боломжтой юм. Түүнчлэн кофе шоп, лоунж, тэшүүрийн түрээс, спорт лоунж, тэмцээн үзэх тусгай ВИП өрөөгөөр иргэдэд үйлчилнэ. Мөсөн өргөөг бүтээн байгуулахад Монголын 95, гадаадын зургаан компани хамтран 1600 барилгачин, инженер, техникийн ажилтан оролцжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here