Нүүр хуудас Улс төр ТАНИЛЦ: БШУЯ-ны 100 хоногт хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлууд

ТАНИЛЦ: БШУЯ-ны 100 хоногт хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлууд

73
0
enhamgalan
БШУЯ

Монгол Улсын Засгийн газар бүрдээд 100 хонож буй юм. Нэг улирлын хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны салбарт хийсэн онцлох ажлуудыг нэрлэж байна.

Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн боллоо

Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл хийх нөхцөл бүрдлээ. Боловсролын зорилгоо алсын хараатай тодорхойлж, сургалтын хөтөлбөрийг сургахаас суралцахуй руу чиглүүлж, боловсролын удирдлагын тогтолцоог чадахуйн зарчимд тулгуурлан сайжруулж, шинэ үеийн цахим шилжилтийг хэрэгжүүлж, чанар, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг бий болгоход онцгойлон анхаарч хуулийн төслөө боловсруулжээ.

Мөн багшийн үнэлгээ, урамшуулал, тасралтгүй хөгжлийн цогц систем, дээд боловсролын чанарын баталгаажуулалтын иж бүрэн тогтолцоог бий болгох, насан туршийн суралцахуйн тогтолцоог хөгжүүлэх зэрэг шийдлүүдийг тусгасан байна.

Боловсролын салбарт санхүүгийн шинэчлэлийг эхлүүлэв

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Сангийн яам хамтарсан ажлын баг байгуулан ажиллаж, салбарын төсөв, санхүүгийн шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Салбарын өнөөгийн санхүүжилт нь үйлчилгээний хүртээмжид хэт анхаарсан, нэг хүүхдийг сургаж буй бодит өртөг зардал ялгаа ихтэй, тэгш бус байгааг өөрчилж боловсролын зорилго, стандартын хэрэгжилтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлж, сургалтын байгууллагын гүйцэтгэл, боловсролын чанар, үнэлгээний үр дүнд чиглэсэн байх зарчмыг хангасан төсөв, санхүүжилтийн тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг бий болгож, 2022 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сурлагын ахиц, чанар, үр дүнд чиглэсэн санхүүгийн төлөвлөлтийг бий болгох хүрээнд сургалтын байгууллагын бие даасан буюу эцэг, эх, багш ажилчдын оролцоог хангасан хяналтын тогтолцоонд шилжүүлнэ. Мөн сургалтын хөтөлбөр, хичээл нэг бүрийн бодит өртөгт суурилан санхүүжилтийг олгох замаар нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг шинэчлэх, ахиц, чанар, үр дүнд чиглэсэн багшийн цалин, урамшууллыг олгох ажлыг хэрэгжүүлнэ.

Хоцрогдол арилгах төлөвлөгөөг боловсрууллаа

“Ковид-19” цар тахлын нөлөөллөөс болж дэлхийн улс орнуудын 90 хувь цахим болон телевизийн сувгийг ашиглаж боловсролын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Манай улсын хувьд үндсэндээ сүүлийн хоёр хичээлийн жилд дунджаар нийт хугацааны 50 орчим хувийг зайн, теле хичээлээр явуулаад байгаа юм. Үүнээс үүдэн нийт 174 мянган хүүхэд хичээлийн бодит хоцрогдолд ороод байна гэсэн судалгаа бий. БШУЯ-наас байгуулсан ажлын баг тооцоо судалгаанд үндэслэн сурагчдын сурлагын хоцрогдол нөхөх, арилгах /2021-2023 он/ гурван жилийн цогц төлөвлөгөө боловсруулаад байна.

Цогц төлөвлөгөөнд 3 зорилтыг тусгаад байгаа юм.

1. “Залгамж холбоог тогтоох”

2. “Сурлагын хоцрогдлыг нөхөн засах”

3. “Сурлагын хоцрогдлыг арилгах, тогтворжуулах”

Үндэсний хэмжээний нээлттэй цахим сургалтын системийг хөгжүүлж байна

Цар тахлын улмаас танхимын сургалтыг бүрэн зогсоосонтой холбоотой теле хичээлүүдийг боловсруулан “E-контент систем” /www.econtent.edu.mn/-ээр дамжуулан сурагчид, олон нийтэд хүргэсэн. Энэхүү платформд сурах бичиг, интерактив, видео болон теле хичээл бүхий нийт 3900 гаруй контентыг байршуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад зориулсан 104 интерактив, цахим контентыг казах, тува болон дохионы хэлний хувилбартайгаар бэлтгэн хүргэж байна. Эдгээр цахим контентыг үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлжээ. Мөн интернэт ашиглах боломжгүй хүүхдүүдэд зориулж 30 аудио контент бэлтгэн хүргэв.

Төрийн өмчит 6 их сургуулийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Төрийн өмчийн 6 их сургууль АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, СУИС хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ хүрээнд хөтөлбөрийн давхардалгүй болж, нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг харилцан хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лабораторио хамтарч ашиглах юм. Нийт 40 орчим чиглэлээр хамтарч ажиллаж буй нь дээд боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж байна. Төрийн өмчит сургуулиуд ийнхүү хамтарч ажиллаж байгаа нь санхүүгийн нөөцийн зөв хуваарилалт, үр дүнд суурилсан механизмыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн оновчтой бодлого, хамтарсан судалгааны төсөл, эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулах давуу талыг бий болгож байгаа юм.

~БШУЯ-ны 100 хоногт хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлууд~

Бага төлбөрөөр дэлхийн боловсрол эзэмших боломжийг нээлээ

Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 сургуульд бага төлбөрөөр оюутан сургах боломжийг нээлээ. Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, зөвхөн монгол оюутнуудад 5000 ам.долларын тэтгэлэг олгохоор болов. Түүнчлэн тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх ам.долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.

Харин АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургуулийн хувьд инженер, шинжлэх ухааны сургуульд монгол оюутнууд 8500 ам.долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломжтой боллоо. Тодруулбал, Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24 мянган ам.доллар байдаг бол инженер, шинжлэх ухааны чиглэлээр магистрт суралцах монгол оюутнууд 8500 ам.доллараар суралцах таатай боломж бүрдэж байна.

Мөн ХААИС, АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайланд АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, улсын, хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулиудын 30 дугаар байранд ордог юм.

Багшийн хөгжлийг дэмжинэ

Багш, сурган хүмүүжүүлэгчид бол боловсролын салбарын үнэт зүйл нь юм. Тэд чадварлаг байх нь боловсролын салбарын ирээдүйд хамгийн чухлаар тавигдах үзүүлэлт гэж хэлж болно. Энэ бүхний эхлэл болгож онцгой амжилт гарган үр дүнтэй ажиллаж буй чадварлаг багш нарыг дэмжих зорилгоор “Багшид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Сангийн сайдтай хамтран батлав. Коронавируст цар тахлын хүнд үед багш нарынхаа үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллыг бүтэн олгох, хасахгүй байх чиглэлд Засгийн газар анхааран ажиллаж байна.

Коронавируст цар тахлын хүнд үед боловсролын үйл ажиллагааг тасралтгүй явуулж буй багш, сурагчдыг зөөврийн компьютерээр хангах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм. Багшийн ажлын чанар, үр дүнг харгалзан урамшуулахаас гадна тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багш нарыг орон сууцжуулах чиглэлээр ажлын баг байгуулагдан ажиллаж байгаа юм.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүллээ

Монгол Улс төдийгүй, дэлхий дахин коронавируст цар тахлын хүндхэн үеийг туулж байна. Энэ цаг үед БШУЯ-ны санхүүжилтээр АШУҮИС-ийн эрдэмтэд Мюхений технологийн их сургууль болон Японы Каназава их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шүлснээс коронавирус илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Эрдэмтдээ дэмжиж, хамтарч ажилласны дүнд бид ямар нэгэн зовиургүй, хямд өртгөөр, богино хугацаанд хариугаа авч, коронавируст халдварыг эрт илрүүлэх шинжилгээндээ хамрагдажэхлэв. Үүнээс гадна коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцах эмнэлзүйн молекул оношилгооны төв байгууллаа. Ийнхүү монгол эрдэмтэд, их сургуулийн дэргэдэх судалгааны байгууллага, хүрээлэнгүүд хамтран хөгжих боломж нээгдэж байна.

Боловсролын зээлийн сангийн чиг үүргийг шинэчлэх ажлыг эхлүүллээ

Энэхүү шинэчлэлийн хүрээнд шаардлага, сургалтын төлбөр, эргэн төлөлт, хүү, амьжиргааны зардал зэргийг тухайлан зохицуулж өгчээ. Боловсролын зээлийн сангаар суралцагчдад тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр элсэгч, суралцагч байх, захиалгат ажлын байртай байх, шилдэг судалгаа, шинжилгээний ажил, бүтээл хийсэн байх зэрэг шаардлагыг тавих юм. Сургалтын төлбөрийг 100 хувь болон төлбөрийн тодорхой хувийг олгохоос гадна урт хугацаатай эсвэл эргэн төлөлтийн боломжит хувилбарыг сонгох, ажлын байртай болсны дараа шууд төлөлт эхлэх зэргээр уян хатан зохицуулалт хийж өгч байгаа юм.

Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эрдэм шинжилгээний лабораториудын үйл ажиллагааны удирдлагыг сайжруулна

Салбар дундын болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах нийтлэг журмыг боловсруулан батлуулаад байна. Ингэхдээ салбар дундын болон сүлжээ лабораториудыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн байгуулах юм. Лабораториудын нэгдсэн мэдээллийн сан үүсгэж тоног төхөөрөмжийн бүртгэлийг хөтлөн, салбар дундын болон сүлжээ лабораториудад хэрэгжих судалгааны төслүүдийг санхүүжүүлэх, гарсан үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгоно.

Төрийн албаны шинэтгэлийг боловсрол, шинжлэх ухааны салбараас эхлүүлж байна

Монгол Улсын хэмжээнд 198 гаруй мянган төрийн албан хаагч бий. Боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 104 062 буюу төрийн албан хаагчдын 52.4 хувьтай дүйцэх багш, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчид ажиллаж байна. Иймд энэ салбараас төрийн албаны шинэтгэлийг эхлүүлэх нь угтаа томоохон шинэчлэлийн үндэс болох юм.

Хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, чадварт суурилсан зарчмаар төрийн албан хаагчийн чадавхыг тодорхойлох, хөгжүүлэх, сургах, мэргэжлийн ёс зүйг дээдлэх, аливаа ёс зүйн зөрчлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн мэргэшсэн, тогтвортой байдалд хяналт тавих боломж бүрдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here