Нүүр хуудас Нийгэм ФОТО: У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхдүүдэд” шагнал гардуулав

ФОТО: У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхдүүдэд” шагнал гардуулав

266
0
onii-ontsloh-huuhed-08
У.Хүрэлсүх 2018 оны "Оны онцлох хүүхдүүдэд" шагнал гардуулав

2018 оны үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан “Оны онцлох хүүхдүүд” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардууллаа.

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилготой энэхүү арга хэмжээг 27 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил 10 номинацид 29 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй найман хүүхдийн баг шалгарлаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхдүүдэд” баяр хүргэж, үг хэллээ.

Манай улсын нийт хүн амын 35,8 хувийг 18 хүртлэх насны хүүхэд эзэлдэг. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн дээд эрх ашгийг хангах, хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж, төсөв хөрөнгийг үр ашигтай хуваарилах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бодлого хөтөлбөрийг дэмжих, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 тоот тогтоолоор байгууллага, салбар бүрт мөрдөх “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”, “Эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах зөвлөмжийг” баталсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хүүхдүүд та бүхэн хичээл сурлагадаа шамдаж, үе тэнгийнхнээ зөв үлгэрлэн манлайлж, цахим орчны ёс зүйтэй хэрэглээг хэвшүүлэх, эх орныхоо түүх соёлыг судлан мэдэж, эх хэлээрээ зөв ярьж, бусдад туслах, зөв шударга хүн болж хүмүүжих хэрэгтэй. Томчууд бидэнд хүүхэд, багачуудын хөгжих, зөв хүмүүжил төлөвшилтэй, эх оронч, хүмүүнлэг иргэнийг бэлтгэж, хөгжүүлэхэд зайлшгүй шийдвэрлэх асуудлууд байна. Тухайлбал, хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, аймаг, дүүрэг бүрт хүүхдийн хөгжлийн ордон, төвүүдийг байгуулах, хүүхдийн хөгжил, төлөвшилд чиглэсэн үйлчилгээний цогц хөтөлбөр, төслийг дэмжиж санхүүжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэлээ.

2018 оны “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан эрхэм дүү нартаа боловсролтой, мэдлэгтэй байх нь ирээдүйн амьдралын баталгаа гэдгийг ухамсарлаж, эцэг эхдээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй, их соёл, зан заншлаа өвлөн дээдэлж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөж явахыг Ерөнхий сайд ерөөлөө.

Монголын маань бүх хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай өсөж, хүүхдийн эрх айл бүрийн тооноор ивгээлт наран мэт цацарч, багана мэт бат бэх, хана мэт хамгаалагдсан, босго мэт өндөр хүндлэлтэй байхыг хүсэж, хүүхэд багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд, дасгалжуулагч, хамт олонд талархал илэрхийлж, шинэ жилийн мэнд хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Оны онцлох хүүхдүүд ФОТО:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here