~Мэло Хьюстонд очих нь батлагдлаа~
Кэвин Дурант багтайгаа гэрээгээ сунгаж, Крис Пол Хьюстонд карьерийн оргил жилүүдээ өнгөрүүлэхээр болж, ЛэБрон Жэймс Лос Анжелэсийг зорьж, Вашингтон Визардс хувцас солих өрөөний таагүй уур амьсгалаа бүүр дордуулсан гэх мэтээр үйл явдлын дараалал хөвөрнө.
Харин энэ бүхэн хамгийн сүүлд Мэло Хьюстонд ирнэ гэдгээр дуусах төлөвтэй.
Гурван баг оролцсон солилцоогоор Мэло Атланта Хокс багт ирээд байгаа билээ. Тэгвэл Атланта Хокс түүний гэрээг худалдан авч багаас хасч цалингийн зай гаргах тухайгаа илэрхийлсэн.
Ингэснээр Мэло вийвэрээс чөлөөлөгдмөгц Хьюстонд очих нь ойрын ирээдүйд гарцаагүй болох зүйлсийн нэгээр нэрлэгдэж байна.
7 хоногийн өмнөхөн Крис Пол Мэлог багтаа авч ирэхээр багийн удирдлагуудаа ятгаж буй талаар мэдээлэл гарч байсан нь энэ ярианд улам хүч нэмнэ.
Үүнээс гадна Трэвор Аризаг Финикст алдаж, Льюк Ричард Мба-а-Мүтэг Клиппэрс рүү алдсан нь Рокэтсийг довтлогчийн байрлалд тоглогчийн нөөц багатай болгож байгаа юм.
Тиймээс зах зээл дээр байгаа хамгийн дажгүй хувилбар нь Мэло болж таарч байна.
Үзэгчид бид түүнийг “пуужингууд”-ын эгнээнд хэрхэн хөөрч чадахыг ирэх улиралд харах л үлдлээ.
эх сурвалж: Sps.mn