Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Үндэсний бөхийн холбоог тэргүүлэх боллоо. Тодруулбал Монголын Үндэсний бөхийн холбооы 8-р “Их Эе” хурал өчигдөр Бөхийн өргөөнд болж тэргүүнээрээ УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгосон юм.
Харин Үндэсний бөхийн холбоог тасралтгүй 28 жил тэргүүлсэн Р.Нямдорж тэргүүн сонгох сонгуульд нэрээ дэвшүүлсэнгүй.
Тэрбээр ийнхүү ажлаа хүлээлгэн өгөх гэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн хувьд Р.Нямдоржийн ойрын хүн гэгддэг билээ. Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүнээ, Р.Нямдорж нь бөхийн холбооны тэргүүнээ үргэлжлүүлэн хийх байх гэсэн яриа олон нийтийн дунд яригдаж байна.
Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцсоноос албан ёсоор хуралд ирж, мандатаа авсан 153 гишүүн байв. Хурлыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ даргалсан юм. “Их Эе”-ийн үдээс өмнө “Монголын үндэсний бөхийн холбооны ажлын ололт амжилт” сэдвээр МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан илтгэл тавьсан. Мөн МҮБХ-ны хяналтын албаны талаар хяналтын албаны дарга Г.Жамсран, Ц.Бадарч нар хоёр жилийн тайлангийн талаар мэдээлэл өглөө.
Мөн уг хурлаар МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудал, Цэцдийн зөвлөлийг сонгож байгуулах зэргийг ярьсан юм.
Ингээд эцэст нь тэргүүн сонгох сонгууль болж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгогдлоо. Уг сонгуульд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүллээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж авчээ.