Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Шүд, эрүү нүүрний төв 3 жил орчим түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол хэдхэн хоногийн өмнө шинэ байртай болж төвхнөлөө.
Ингэснээр нийслэлчүүдэд орчин үеийн шаардлага стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг болов.
Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж, Үндэсний оношлогоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн дэргэдэх эмчилгээний төвийн барилгыг барьж дуусгахаар ажилаж байна.
“ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийг байгууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулав.
Үүний зэрэгцээ, Засгийн газраас нийслэлийн агаар бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 230 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөөд байна. Мөн тус хөтөлбөрийн дагуу цаашид 365 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөхөөр төлөвлөжээ.