АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгос улсыг террорист үйл ажиллагааг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалтанд орууллаа. Цагаан ордонд болсон Засгийн газрын уулзалтан дээр Трамп энэ тухай танилцуулсан юм.
Терроризмыг ивээн тэтгэдэг улс орнуудын жагсаалтанд өмнө нь БНАСАУ багтаж байсан ч 9 жилийн өмнө 2008 онд Ерөнхийлөгч Жорж Буш Умардтай цөмийн хөтөлбөрийн талаар гэрээ хэлцэл байгуулж, жагсаалтаас хасч байжээ.
Трампын мэдэгдэж байгаагаар аль эрт Умард Солонгосыг энэ жагсаалтанд дахин нэмэх ёстой байсан гэнэ. Энэ жагсаалтанд буцаж орсноор Хойд Солонгосын эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авахаар болж байна.
Өнөөдөр Америкийн Сангийн яам Умардын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хоригийг танилцуулна. АНУ-ын гаргасан олон улсын терроризмыг ивээн тэтгэдэг улсуудын жагсаалтанд Умард Солонгосоос гадна Иран, Судан, Сири улсууд багтдаг.
Умард Солонгос улс энэ намар 6 дахиа цөмийн туршилт хийснээс хойш АНУ-ын санаачилгаар НҮБ хориг тавьж эхэлсэн. Газрын тосны худалдаа, эдийн засаг болон загас агнуур, удирдагч Ким Жон Уны хөрөнгийг царцаах хэд хэдэн чухал алхмуудыг хэрэгжүүлж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Пхеньяны аюул заналхийллийг намжаахын тулд дипломат арга зам олдно гэдэгт найдаж байгаа ч Ерөнхийлөгч Трампын гаргасан шийдвэр буруу биш гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Америкийн зорилго бол Ким Жон Уны дэглэмийг нурааж, цөмийн хөтөлбөрийг зогсоох гэрээ хэлэлцээр байгуулах юм гэж хэвлэлүүдэд бичиж байна.
Трамп энэ сарын эхэнд Ази тивд айлчлахдаа Солонгосын хойгийн хямралыг намжааж, Умардын цөмийн хөтөлбөрийг зогсоохыг гол уриалгаа болгосон.
Нэн ялангуяа Хятадын даргатай дотночлон ярилцаж, үр дүнд нь Ши Жиньпин тусгай төлөөлөгчөө Пхеньян руу илгээсэн билээ. Пхеньяныг АНУ-ын эх газарт хүрэх хүчин чадалтай цөмийн бөмбөг зохиож байгаа гэдэгт Америкийн тал бат итгэлтэй байгаа юм.
Сүүлд явуулсан устөрөгчийн цөмийн бөмбөгийн туршилт үүнийг нотолно гэж үзэж байна.
эх сурвалж: ubs.mn