Обамагийн засаглалын хугацаа албан ёсоор дуусч Доналд Трамп Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь ерөнхийлөгчийн албанд албан ёсоор томилогдлоо. Капитол гүвээнд тусгайлан бэлтгэсэн индэрт тэр ерөнхийлөгчийн тангараг өргөв. Нэг нь Аврам Линкольны, нөгөөх нь өөрийн багадаа хэрэглэж байсан хоёр Библь судрын дээр зүүн гараа тавьж, баруун гараа өргөөд Үндсэн хуулийг сахин хамгаалахаа тангараглалаа.
“АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дагаж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүхий хүч чадлаа дайчлахыг ёслол төгөлдөр тангараглая”. Энэ өгүүлбэр англи хэл дээр 35 үгэнд багтах бөгөөд АНУ-ын Үндсэн хуульд тусгайлан заасан байдаг ерөнхийлөгчийн тангараг юм.
Капитолоос Вашингтон монумент хүртэл хуран цугласан олны өмнө тэр гэргий Меланья Трампыг дэргэдээ байлгаж, Дээд шүүхийн дарга Жон Робертсийн удирдлага дор тангараг өргөлөө.
Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон нар, сонгуульд түүнд ялагдсан эхнэр Хиллари Клинтоны хамт ерөнхийлөгчийн тангараг өргөх түүхэн үйл явдлын гэрч болохоор хүрэлцэн ирсэн байлаа.
Тангаргийн ёслолын хүрээнд тогтсон олон уламжлал бий. Энэ өдөр Доналд Трамп өглөө эрт “Ерөнхийлөгч нарын сүм” хэмээн нэрлэгддэг Гэгээн Жоны сүмд гэр бүлийн хамт очиж, мөргөл үйлдсэн юм. Дараа нь Барак Обама болон түүний гэр бүлийнхний урилгаар Трамп шинэ тэргүүн хатагтай Меланьягийн хамт Цагаан ордонд зочилж, өглөөний цайгаар дайлуулжээ. Энэ мэт тогтсон уламжлалт хүндэтгэлийн арга хэмжээний дараа Трамп болон Обама нар Капитолын зүг хөдөлсөн юм. Үдэш нь тэр тэргүүн хатагтайн хамт баярын цэнгүүн, үдэшлэгт оролцоно.
Бараг жилийн өмнөөс эхэлсэн шинэ ерөнхийлөгчийн сунгаанд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Трампын ялалтад итгэх хүн цөөн байсан. Олны таамгийг эвдэж, төрийн тэргүүнээр сонгогдсон тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад ерөнхийлөгч болж байна. Тэр энэ жил 70 настай.
Ажлаа хүлээж аваад Трамп эхний уулзалтаа маргааш Тагнуулын төв газрынхантай хийхээр төлөвлөсөн гэнэ.