Биткойн кешь хоёр хуваагдсанаас хойш даруй нэг сар өнгөрчээ. Дайн дуусч, дарийн утаа арилсан тул хэн ялагч болсныг үнэлж дүгнэх цаг ирсэн байна.
Эргэн сануулахад өнгөрсөн 11 дүгээр сарын 15-нд Биткойн кешийн блокчейн нь “hard fork” буюу томоохон өөрчлөлтөд орж, улмаар 2 тусдаа сүлжээ болсон билээ. Одоо нэг нь Bitcoin Cash ABC нэрээр, нөгөөдөх нь Bitcoin SV нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Биткойн кешь нь өөрөө ихээхэн онцлогтой блокчейн бөгөөд зургаан сар тутамд “fork” хийгдэж, сайжруулалт оруулах шаардлагатай байдаг.
Хоёр хуваагдсанаас хойш “BCHABC” болон “BSV” нь “Binance”, “Coinbase” зэрэг дэлхийн томохоон крипто арилжаанууд дээр тусдаа арилжаалагдаж байна. Биткойн кешийн ханш 11 сард 621 ам.доллар хүрч оргилдоо очсон боловч, 11 сарын 14-нд буюу Биткойн кешь 2 хуваагдахын өмнөх өдөр ханш нь 32 хувиар унаж, 421 ам.доллар болсон билээ.
Биткойн кешь задарсны дараа эхэн үедээ Bitcoin Cash ABC нь 295 доллар, “Bitcoin SV” нь 90 доллараар тус бүр арилжаалагдаж байсан. Тэгвэл одоо “BCHABC” нь 80 доллар, “BSV” нь 70 долларын ханштай байгаа.
Эндээс харахад олон нийтийн зүгээс 2 хуваагдсан Bitcoin Cash-ын чухам аль хувилбарыг нь сонгохоо шийдээгүй л байна. Мөн “Bitcoin Cash”-ын дайнд “Bitcoin Cash ABC” болон “Bitcoin SV” хоёрын аль нэгийг ялсан гэж хэлэх боломжгүй байгаа юм.