Нэгэн ээж хүүгээ Ноксвилл дэх дунд сургуулиас нь аван гэртээ харих замд Китон хүү ээжээсээ утсаараа өөрийх нь бичлэгийг хийхийг хүсчээ. Китон өдрийн хоолоо идэж ч чадалгүй эрт гараад иржээ. Учир нь тэрбээр сургуульдаа ихэд гадуурхагдаж, хүүхдүүд түүний хамраар үргэлж доог тохуу хийн шоолдог гэнэ. Хүүхдүүд түүн дээр сүү асган хувцсанд нь гахайн мах чулуудан нялж тохуурхсан аж.
Хатагтай Жонс хүүгийнхээ бичлэгийг Фэйсбук хуудсандаа байршуулж хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хүүхдүүдтэйгээ доог тохуу хийхгүй байх талаар ярилцахыг хүсчээ.
“Яагаад надаар тохуурхдаг юм бэ? Яагаад гэмгүй хүмүүсийг дооглож тэдэнтэй муухай харьцах нь тийм сайхан санагддаг юм бэ? Бусдаас өөр, ялгаатай хүмүүсийг шоглох нь буруу шүү дээ. Учир нь тэдэнд огтхон ч буруу байхгүй” хэмээн нулимс асгаруулан хэлжээ.
Өнгөрөгч Ням гарагт тавигдсан хүүгийн энэхүү бичлэгийг зөвхөн фэйсбүүк хуудсуудаар дамжуулан 20 сая гаруй хүн үзсэн бөгөөд хүч хэрэглэн бие биеэ дээрэлхэн тохуурхдаг үзэгдлүүд өнөө үед ч байсаар байгаа нь бүх нийтийн анхаарлыг хандуулаад байгаа аж. Түүний бичлэгийг үзээд маш олон хүн нулимс дуслуулснаа ч хуваалцаж байлаа. Мянга мянган хүн, алдарт одууд ч Китон хүүг дэмжиж сэтгэлийн дэм өгөх урмын үгсээ харамгүй хайрласаар байгаа аж.
Теннессигийн Их Сургуулийн хөл бөмбөгч Жарретт Гуарантано “Би чиний шинэ анд чинь болно”. хэмээн Китонтой хамт зураг авахуулан сошиал медиагаар цацжээ.
Америкийн каунтри дуучин Келси Баллерини “Дараагийн удаа танай хотод очиход хоёулаа сургуулийн чинь гуанзанд очин чамаар тохуурхдаг хүүхдүүдээр уучлалт гуйлгах болно” гэжээ.
Бас нэгэн хөл бөмбөгч Китоны гэр бүлд тоглолтынхоо билетийг өгчээ.
“Ахмад Америк” (Captain America) киноны гол дүрийн жүжигчин Крис Эванс ирэх жил нээлтээ хийх цоо шинэ “Өшөө авагчид (Avengers)” киноныхоо нээлтэд оролцох эрхийн бичгийг Китонд бэлэглэжээ.
“Оддын дайн”-ы Марк Хамилл “Тэднийг битгий тоо. Тэд зүгээр л чамд атаархаж байгаа юм. Учир нь чи ухаантай, царайлаг хүү” гэжээ.
Хүү болон гэр бүлд нь дэмжлэг үзүүлэхээр энд тэндээс хандивын аян эхлүүлж байгаа аж.
“Хэн нэгэн чамайг дээрэлхэж байгаа бол тоолгүй, хүчтэй байх хэрэгтэй байх. Хэзээ нэгэн өдөр би тайвшрах байх” хэмээн нулимс дуслуулан тэр бичлэгээ дуусгасан юм.
https://youtu.be/bGXfJsF8imE