ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ.
Энэ уулзалтаар хоёр орны удирдагчид бүс нутгийн хамтын ажиллагаа, хоёр талын харилцааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэхээс гадна хамгийн гол сэдэв болох Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээ болно.
Ким Жон Ун улсынхаа удирдагчаар сонгогдсоны дараах ОХУ-д хийж байгаа айлчлал мөн Путинтэй хийх анхны дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Владивосток хотод болж байна. Ким Жон Ун Ерөнхийлөгч Владимир Путинд хандан дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, хэлэлцээ хийх боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Уулзалтаар, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн харилцаагаа бэхжүүлэх, соёлын солилцоогоо идэвхжүүлэх тухай хөндөж хэлэлцэнэ гэж шинжээчид харж байна. Харин ихэнх мэргэжилтнүүд энэ удаагийн дээд уулзалтын үеэр 2 орны харилцааны онцгой чухал баримт бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулахгүй болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ Ким удирдагчийн анхны энэ уулзалт ОХУ-д ч тэр БНАСАУ-д тэр чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн Пхеньяны хувьд өнөөдөр эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал нь хүндхэн байгаа. Тиймээс тус улс Москватай хийсэн уулзалтаа ашиглан яриа хэлэлцээний байр сууриа бэхжүүлэхийг чармайхаас гадна санхүүгийн дэмжлэг тусламжтай холбоотой асуудлыг сөхөж тавих байх гэж харна.
Гэхдээ тус улсын эсрэг олон улсын авсан хориг арга хэмжээг түр сулруулахад дэмжлэг тусламж хүсэх магадлалтай гэж үзэж байна. Яг энэ асуудал дээр хориг тавих эрхтэй ч Москва Бээжинтэй хамжаад ч НҮБ –ын аюулгүйн зөвлөлөөр ийм шийдвэр гаргуулж дийлэхгүй.
Дээр нь олон улсын хоригийг зөрчиж Пхеньянд санхүү, эдийн засгийн шууд дэмжлэг үзүүлэхийг хүсэхгүй байх. Тиймээс ажил хэргээс илүү амлалт ихтэй л дээд уулзалт болох байх гэж ажиглагчид дүгнэж байна.