Энэтхэгийн залуу энтерпренер Шикхар Аггарвал энэ жил ердөө 27 настай. Хоногт дор хаяж 11 цаг ажилладаг тэрбээр өдгөө дэлхийн хамгийн том визийн үйлчилгээ үзүүлэгч компанийн захирал болохоор мэрийн ажиллаж байна.
Хилийн дээс алхсан, гадаад орныг зорьж үзсэн хэн бүхэн VFS Global гэх нэрийг сайтар мэддэг.
Уг компани нь хил хязгааргүй үйлчилгээ буюу дэлхийн 139 улс оронд, 60 гаруй засгийн газарт визийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа 178 сая визийн өргөдлийн мэдүүлгийг хүлээн авч зуучлан олгосон байна.
Тэгвэл уг хүчирхэг компанийн бизнестэй ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг BLS International компанийн захирал Шикхар Аггарвал нь 23-хан насандаа компаниа хүлээн авснаас хойш, 4 жилийн дотор орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж чаджээ.
Түүнийг анх 2014 онд компанидаа ирэх үед BLS International нь голчлон Энэтхэгийн засгийн газартай л харилцдаг, Португали, Грек, Унгар гэх цөөн хэдэн орнуудаас аутсорсинг байдлаар гэрээт ажил хийж байжээ. Харин Аггарвалын удирдлага дор BLS International үйл ажиллагаагаа үлэмж тэлж өргөжүүлсэн. Тухайлбал орлого нь 122 сая ам.доллар, дэлхийн 62 улсад салбартай, манай бөмбөрцгийн 36 улсын засгийн газартай харилцдаг, үйлчилгээг өмнөөс нь зуучилдаг болоод байна.
Түүний удирддаг компани визийн үйлчилгээнд хэд хэдэн шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлээд байгаагаас дурдвал, визийн мэдүүлэгт шаардлагатай био метрийн зургийн зөөврийн үйлчилгээ, виз мэдүүлгийн зөвлөгөө, бүрдүүлсэн материалыг хүлээн авах, виз олгох зэргийг үйлчлүүлэгчийн гэрт нь очиж гүйцэтгэдэг. Энэхүү үйлчилгээг хүлээн авагчдын хувьд эхлээд санхүүгийн боломжтой иргэд, настангууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ.
~Визийг дугаарлаж бус, гэртээ сууж байгаад хүлээн авна~
Тэгвэл дугаарт олон цаг зогсож, үнэтэй цаг хором, ажлаа алдахыг хүсээгүй хэн бүхэн уг үйлчилгээг сонирхон үйлчлүүлэх болоод байна. Улмаар томоохон байгууллагууд, спортын баг хамт олон, оюутан сурагчид, урлагийнхан уг зөөврийн визийн үйлчилгээг авах нь нэмэгдсэн байна.
Түүнээс гадна, Аггарвалын BLS International компани нь зөвхөн визийн мэдүүлгийг хүлээн авах үйлчилгээнээс гадна засгийн газрын үйлчилгээ болох төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа олгох материалуудыг хүлээн авч олгох болжээ.
Ийнхүү 27 настай залуу дэлхийн хэмжээнд виз болон консулын үйлчилгээг үзүүлдэг хамгийн том компанийн тэргүүн болохоор зүтгэж байна.