Зүгээр л илүү олон зүйл бодож, гүн философи хайгаад байлгүй сайхан инжой болох кино гэвэл “Crazy Rich Asians”-г үзээрэй.
Өө хайж өөнтөглөх нүдээр биш, буйдан дээрээ налайгаад хээнцэр тансаг, гоёмсог боловч ээдрээ бүхий ертөнцөөр аялахад тохиромжтой кино.
Дэлхийн кино урлагийн мэргэжилтнүүдийн зүгээс жүжигчдийн ур чадвар, хувцас дизайн, кино зохиол зэргээрээ өндөр үнэлгээ аваад буй уг кинонд Ази гаралтай Америк, Англи жүжигчид тоглосноороо онцлогтой.
Холливудын томоохон кино студи Ази гаралтай Америк жүжигчид дээр тулгуурлан хийсэн бөгөөд 30 саяын зардлаар бүтээгдэж, 236 сая ам.долларын ашиг орлогыг цуглуулаад байна.
Киноны үйл явдлын хувьд Ази гаралтай Америк профессор бүсгүй найз залуугийнхаа гэр бүлтэй танилцахаар Сингапурт очсоныхоо дараа, тэдний гэр бүл улсынхаа тэргүүн баячуудын нэг болохыг олж мэддэг.
Ази гэхээр л бие бялдрын хөгжил тааруу, ядуу буурай, англи хэлээр аймшигтай дуудлагатай хэмээн төсөөлөгддөг stereotype буюу олон нийтийн харах өнцөг, хэв шинжийг өөрчлөх гэсэн хүчин чармайлт энэ киноноос “үнэртэнэ”.
Өөр анзаарагдсан зүйл гэвэл гол дүрийн жүжигчин бүсгүй болох Констанс Ву нь манай жүжигчин Мишээлийн бага зэрэг махлаг хувилбар, Hangover цувралын дүрсгүй Кен Жеонг, киноны бүх сцениүд нь маш өнгөлөг, өнгө будгаар зодсон гэж болохоор ажээ.
Киноны гол дүрүүдэд Тайвань гаралтай Америк жүжигчин Констанс Ву (36 настай), Малайз гаралтай Британийн жүжигчин, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Хенри Голдинг (31 настай),
Хонконг гаралтай Английн жүжигчин, модель Жемма Чанг, Солонгос гаралтай Америкийн реппер Awkwafina, Мишель Ио, Кен Жеонг нарын алдартнууд тоглосон байна.