Дэлхийн хамгийн амар амгалан, тайван улсуудын нэгт тооцогддог Шинэ Зеланд улсад өнгөрсөн баасан гарагт хоёр томоохон сүмд зэвсэгт этгээд гал нээж, олон хүний амийг хөнөөсөн харамсалтай явдал болоод байна.
Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан 4 хүнийг баривчлан саатуулаад байгаагийн 3 нь эрэгтэй, 1 эмэгтэй байна. Крайстчөрч хотын төвд байдаг исламын шашны 2 сүмд ийнхүү халдлага болсон байна.
Халдлагыг хийсэн этгээдүүд нь “цагаачлалыг эсэргүүцдэг, лалын шашны үзэл суртлыг эсэргүүцэгчид” байх өндөр магадлалтай бөгөөд халдлага нь баасан гарагийн ид мөргөлийн цагаар болсон тул ийнхүү хохирогчдын тоо олон байхад нөлөөлсөн байна.
Нүдээр үзсэн гэрчийн хэлснээр буун дуу 10-15 минут үргэлжилжээ. Цагдаа нарын тайлбарлаж буйгаар гэмт этгээдүүд халдлага болсон газрын ойролцоо ихээхэн хэмжээний тэсрэх бодисыг машиндаа ачиж бэлдсэн байсан зэрэг нь сайтар зохион байгуулалттай халдлага болохыг харуулж байна.
Зэвсэгт халдлагыг үйлдсэн сэжигтнүүдийн нэг нь Австралийн иргэн байгаа юм.