ЮНЕСКО чиг үүргийн гол цөм болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад идэвхтэй оролцсоор даруй 25 дахь жилдээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна.
Энэ жилийн сэдэв нь хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёсны харилцан холбоог тунгаан бодохыг нээлттэй хэлэлцүүлж байгаа юм. Түүнчлэн онлайн хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой шинэ сорилтыг хэлэлцэх боломжийг олгож буйгаараа онцлогтой.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулей мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ, “Бидний эрх чөлөө хязгаарлагдаж болшгүй хэвлэлийн эрх чөлөөнөөс хамаарна”. 1786 онд улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явахдаа Томас Жеферсоны бичсэн эдгээр үгс Америкийн Нэгдсэн Улсыг үүсгэн байгуулах түүхэн цаг үеийг даван туулсан ч бүх нийтийг хамардаг.
Хувь хүний эрх чөлөө, нэн ялангуяа дотоод ухамсар, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмждэг хууль ёсыг дээдэлдэг аливаа улс цензур эсвэл албадлагаас ангид чөлөөт, хараат бус хэвлэлд суурилдаг.
Хууль ёсыг дээдэлдэг улс орны ард иргэд нь мэдээлэлжсэн, улс төрийн шийдвэр нь ил тод, нийтлэг ашиг сонирхол бүхий сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж албан ёсны үнэн, догматизмыг эвдэх олонхын үзэл бодлыг чиглүүлэгч олон ургалч байдлыг дэмждэг. Энэхүү чиглүүлэгч мэдээллийн хүч нь бүх төрөл, хэлбэрийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн хэрэгсэлд оршин байдаг.
Хэвлэлийн эрх чөлөө нь бусад эрх чөлөөний нэгэн адил хэзээ ч бүрэн хамгаалагдаагүй. Дижитал сувгаар дамжуулагдах мэдлэг, мэдээлэлд суурилсан нийгмийн хөгжил нь ил тод, чанартай, хүртээмжтэй байдлыг хангахын тулд өндөр сонор сэрэмжийг шаарддаг.
Чанартай мэдээлэл нь эх сурвалжийг шалгаж, хамаарал бүхий субъектыг сонгохыг шаардаж, ёс суртахуун, сэтгэлгээний хараат бус байдлыг уриалан дууддаг. Иймээс энэ нь сэтгүүлчдийн ажилд бүхэлдээ хамаарагдана. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь сэтгүүлчийн мэргэжил хууль дээдлэх ардчилсан ёсыг хадгалж, хамгаалахад хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдгийг ойлгуулах нэгэн боломж юм.
~Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна~
2017 онд дэлхий даяар нийт 79 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан байна. ЮНЕСКО нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйтай тэмцэх үүргийг хүлээн ажилладаг.
Мөн ЮНЕСКО нь сэтгүүлчдийг сургаж бэлтгэхэд хувь нэмэр оруулахаас гадна үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулиа олон улсын түвшинд нийцүүлэхэд нь улс орнуудын удирдлагуудад дэмжлэг үзүүлдэг.
Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО нь Гана улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах олон улсын бага хурал зохион байгуулж, тус хурлын үеэр ЮНЕСКО-Гуйллермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулна. Уг шагнал нь 1986 онд хар тамхи, мансууруулах бодисын наймаа эрхэлдэг эвслийг зоригтойгоор илчлэн алагдсан Колумб улсын сэтгүүлчийн нэрээр нэрлэгдсэн.
Өнөөдөр бид Та бүгдийг хэвлэлийн эрх чөлөө болон сэтгүүлчдийн хийсэн ажлыг тэмдэглэж, “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдөр болон Хэвлэлийн Эрх Чөлөө ” цахим кампанит ажилд оролцохыг уриалж байна” гэжээ.