НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх удаагаа оролцож, өөрийн байр сууриа дэлхий нийтэд хүргэлээ. Цагаан ордны тэргүүн 40 орчим минут чуулганы индрээс илтгэл тавьсан юм. Гэхдээ түүний илтгэлийг сонссон эрхмүүд Трампыг “АНУ-ын байр суурь бус зөвхөн Дональд Трампын байр сууриас өөрийн үзэл бодлоо хүргэсэн” хэмээн шүүмжиллээ. Трампыг индэр дээр гарч ирэх үетэй зэрэгцэн НҮБ-д суух Хойд Солонгосын элч төлөөлөгч Жа Сон Нам танхимыг орхин гарсан байна. Тэрбээр танхимыг орхин гарсан шалтгаанаа тайлбарлахаас татгалзжээ. Трамп илтгэлийнхээ эхэнд дайсагнасан харилцаатай байгаа Хойд Солонгосын талаар өөрийн байр сууриа хүргэлээ. Хойд Солонгосын залуу удирдагчийг “Пуужин-хүн” хэмээн тодорхойлоод “Тэр залуугийн үйлдэл яг л амиа хорлохтой ижил” гэсэн байна. “Үнэнийг хэлэхэд Хойд Солонгос улс олон улсаас нүүр буруулж, энхтайваны эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Тэдний үйлдэл зөвхөн улсаа ганцаардуулж байна. Энэ улсын эрх баригчид цөмийн зэвсэгтэй гэх шалтгаанаар өөрийн улсын иргэдээ доромжилж бас хүчгүйдүүлж байна. Энэ бол бодит үнэн. Энэ улсын иргэд ядуу амьдарч байгаа нь эрүү шүүлт амсч байгаа нь зөвхөн эрх баригчдын буруу. Тэд энхтайванаас нүүрээ буруулаагүй байсан бол өнөөдөр ийм хүнд байдалтай нүүр тулахгүй байсан” хэмээн Ерөнхийлөгч хэлжээ. Тэрбээр мөн “Хойд Солонгос дахин, дахин дайсагнасан үйлдэл хийсээр байвал урьд нь үзэж байгаагүй хүчтэй цохилтыг АНУ өгөх болно” гэсэн байна. Трамп ганц Хойд Солонгосын талаар өөрийн байр сууриа хүргээд индэр дээрээс буусангүй. Иран, Венеусэл, иргэний дайн дэгдээд буй Сирийн талаар өөрийн байр сууриа хүргэсэн нь мэдээж олон улсын анхаарлыг зүй ёсоор татав. Тэрбээр Иран улсын талаар “Хуурамч ардчиллын цаана нуугдсан ялзарсан дэглэм” хэмээжээ. Түүнийг ийнхүү хэлэхэд танхим дотор байсан Ираны төлөөлөгчид дургүйцлээ илэрхийлсэн аж. Трамп эсэргүүцлийг үл тоон цаашаа “Олон мянган жилийн түүхтэй энэ улс одоо сул дорой эдийн засагтай улс болжээ. Хүчирхийлэл, сул дорой зүйлийн гол экспортлогчид болоод сууж байна. Ираны гол баялаг болох газрын тосоо эрх баригчид хувааж идээд ард түмнээ тоохгүй байна. Мөн алан хядах бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлж, Израйлийн энхтайванг бусниулахыг санаархаж байна. Тэд цөмийн зэвсэгтэй гэдгээрээ үргэлж түрүү барихыг оролддог” гэж мэдэгджээ.
Цагаан ордны тэргүүний хурц шүүмжлэл Венеусэл улсыг тойрсонгүй. “Энэ улс нэгэн цагт хөгжингүй улс байсан. Харин одоо эсрэгээрээ болжээ. Ерөнхийлөгч Николас Мадурогийн дарангуйлал энэ улсад сайн сайхныг бус зөвхөн хүчирхийлэл, дампуурал авчирч байна. Энэ хүн улс байтугай ганц парламентаа ч зөв удирдаж чадахгүй байна. Эрх мэдлийг ганцхан хүн дээр төвлөрүүлэх ямар буруу дэглэм гэдгийг бид Венеусэлээс харлаа” хэмээн Трамп мэдэгдлээ.
Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сирийн талаар Трамп хэлэхдээ: “Энэ улсыг хүчирхийлж, газар нутгийг нь эзлэн түрэмгийлэх бодлого явуулж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийг бут ниргэх ажлыг АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийнхэн амжилттай гүйцэтгэж байна. Сүүлийн найман сарын хугацаанд энэхүү алан хядах бүлэглэлийн сүр хүч эрс багассан. Одоо Сирийн зарим бүс нутаг амар тайван болоод байна. Энэ бол гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүн. Бид террористуудыг устгах, Сирид энх цаг авчрахын тулд бүхий л бололцоогоо ашиглаж буй. Гэхдээ Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын харгис дэглэм олон улсыг цочирдуулсаар байна” гэв.
Трамп илтгэлийнхээ төгсгөлд БНХАУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарт талархал илэрхийллээ. Тэрбээр “Хойд Солонгосын эсрэг баталсан Аюулгүйн зөвлөлийн шинэ хоригт Орос, Хятад нэгдэж, хамтран ажиллахаар болсон явдалд талархаж байна. Одоо та бүхэн Хойд Солонгос улсад дарамт үзүүлэх хэрэгтэй” гэсэн байна. Уг илтгэлийн дараахан Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани өөрийнх нь улсын талаар таагүй байдалтай байсан Цагаан ордны тэргүүнд хандан мэдэгдэл хийв.
Тэрбээр “Бид энхтайванаас хэзээ ч нүүрээ буруулж байсангүй” гэсэн юм. Ерөнхийлөгч мөн 12-13 зууны Персийн яруу найрагчдын шүлэгнээс иш татан өөрийн үзэл бодлоо их даруухан өнгө аясаар хүргэсэн билээ. Рухани “Ууртай, ширүүн байх нь сөргөлдөөнийг улам л нэмэгдүүлэх болно” гэжээ.