Египет улсын ерөнхийлөгчөөр Сиси улиран сонгогдов. Тодруулбал “Ройтерс” агентлагт мэдээлснээр Абдель-Фаттах аль-Сиси 97.08 хувийн саналаар буюу нийтдээ 21835387 хүний саналаар улиран сонгогдсон бол түүний өрсөлдөгч Мусса Мостафа Мусса 2.92 хувийн санал буюу 656534 хүний санал авсан байна.
Тус улсын СЕХ-ны мэдэгдэлд дурдсанаар, 1762231 саналыг хүчингүйд тооцжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Сиси телевизээр үг хэлэх үеэрээ
“Ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын төлөө би чадах бүхнээ хийх болно”
гэсэн байна.
Сиси нь 2013 онд цэргийн эргэлт зохион байгуулан Ерөнхийлөгч Мухамед Мурсигийн засаг захиргааг түлхэн унагаасан хүн бөгөөд үүний дараа жил болсон ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байсан юм.
Египетийн саяын сонгуулийг шударга болсон гэдэгт гадна, дотныхон эргэлзэж байна. Учир нь цорын ганц өрсөлдөгч гэх Мусса Мостафа Мусса нь Сиси-г дэмжигчдийн нэг ажээ.