Зүүн өмнөд Азийн орнуудад антибиотикт тэсвэртэй, онц аюултай хумхаа өвчин хурдацтай тархаж, дэлхий нийтийг түгшээж буй талаар “Rambler” мэдээлжээ. Камбожийн баруун хэсэгт орших Пайлин хотод анх бүртгэгдсэн, эмэнд дасал болсон энэхүү өвчин нь Тайландын зүүн хойд хэсэг болон Лаосын өмнөд нутагт ч бүртгэгдсэн байна.
Махидолын их сургуулийн эрдэмтэд “Эдүгээ Вьетнамын өмнөд хэсэгт тархаад байна” хэмээн мэдээлснийг “The Lancet” уламжилжээ. Энэ өвчнийг шимэгч хорхой үүсгэдэг бөгөөд шумуулаар дамжин тархдаг аж. Эдүгээ Камбож улсаас Вьетнамын баруун өмнөд хэсэгт байрлах Меконг мужид тархаад буй юм байна.
Хумхаа өвчний хамгийн эхний эмчилгээнд артемизининыг пиперакинтай хавсарган хэрэглэдэг. Энэ өвчний хувьд артемизинин үр дүнгүй болж, шимэгч хорхой нь пиперакиныг ч мөн эсэргүүцдэг болж аюултай байдалд хүрчээ.
Бангкок хотод ажиллаж буй Оксфордын Халуун орны эмийн судалгааны хэсгийн судлаачид энэхүү гоц аюулт хумхаа өвчнийг эмчлэх аргагүй, үнэхээр аюултай байдалд орлоо гэж анхааруулсан байна. Жил бүр 212 сая орчим хүн хумхаа өвчнөөр өвдөж байгаа аж. Голдуу хүүхдийн амь насанд аюул учруулж буй бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд энэ өвчний улмаас нас барагсдын тоо сая хүртэл өсч магадгүй байгаа аж.