Иран улс санхүүгийн гүйлгээ шилжүүлэгт криптовалютыг ашиглахаар өөр бусад 8 улстай ярилцаж байна. Шалтгаан нь Иран улс АНУ-ын зүгээс тавьсан эдийн засгийн хоригийг ажрахгүй байхын тулд ийнхүү арга сүвэгчилж байгаа юм.
Ираны худалдааг дэмжих байгууллагын тэргүүн Мохаммед Мадудигийн хэлж буйгаар тус улс нь дэлхийн 8 улстай санхүүгийн гүйлгээ шилжүүлэг хийхдээ криптовалют ашиглах талаар нухацтай ярилцаж байна.
Энэ асуудлаар Швейцар, Өмнөд Африк, Франц, Англи, ОХУ, Австри, Герман, Босни зэрэг улсуудын төлөөлөгчид Иранд ирж уулзалт хийсэн хэмээн Мадуди хэлжээ.
Тэр ч үүднээс Иран улс нь гадны хөрөнгө оруулагчдыг улс руугаа татаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Эргэн сануулахад өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард АНУ нь Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж буйгаа зарласан.
Ингэснээр Иран улсын газрын тос, тээвэрлэлт, байгалийн хийг импортлохоос Дэлхийн олон улс орнуудыг хязгаарлах бодлогыг АНУ баримталж байна.
АНУ-ын эрх баригчдын гаргасан шийдвэрийн дагуу Ираны төв банкаас дэлхийн хамгийн том банкны мөнгөн шилжүүлгийн сүлжээ болох Swift харилцаагаа тасалсан нь Иранд тун хүнд тусаад байна.
Мөн криптовалютын ертөнцөд ч гэсэн Binance, Bittrex зэрэг томчууд албан бусаар Иран улсыг үйлчилгээ үзүүлдэг улсуудынхаа жагсаалтаас хасаад байгаа юм.