Каталоничууд тусгаар улс болох эрхээ олж авлаа гэж Испанийн автономит муж-Каталонийн засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон үзэж байна. Хэвлэлд бичсэнээр энэ бүс нутгийг Испаниас тусгаарлах тухай асуудлаар явуулсан нийт ард түмний санал хураалт дууссаны дараа ингэж үзэж буйгаа илэрхийлжээ.
“Өнөөдөр итгэл найдварын өдөр байлаа. Каталонийн иргэд бүгд найрамдах улсын хэлбэртэй бие даасан улс болох эрхийнхээ төлөө тэмцэлд яллаа. Бид тусгаар тогтнох эрхээ хамгааллаа” гэж Пучдемон онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс нийт ард түмний санал хураалтын тухай хуулийн дагуу шийдвэр гаргахын тулд дүнг ойрын өдрүүдэд Каталонийн парламентад оруулна гэж тэрээр хэлжээ. Ингэхдээ Испанийн засгийн газартай яриа хэлцээ хийхэд нээлттэй байна гэж мэдэгдсэн байна. “Хэрвээ Каталонийн ард түмнийг хүндэтгэх аваас, ашиг тустай яриа хэлэлцээр хийх саналыг хүлээн авахад бид нээлттэй байна” гэж Засгийн газрын тэргүүн мэдэгджээ. Каталонийн тусгаар тогтнолын тухай нийт ард түмний санал хураалт өнгөрсөн ням гарагт болсон юм. Урьдчилсан мэдээгээр санал хураалтад оролцогчдын 90 хувь нь тус мужийн тусгаарлах санааг дэмжсэн байна. Испанийн засгийн газар санал хураалт явуулахад саад хийхийг санаархаж байв. Тухайлбал, Барселон хотод санал өгсөн хүмүүсийн эсрэг резинэн сум хэрэглэж байсныг мэдээлжээ. Ийнхүү Каталонийн эрх баригчдын сүүлчийн мэдээгээр хэлмэгдэгсдийн тоо 884-т хүрээд байна.
Испанийн ерөнхий сайд Мариано Рахой энэ үйл явдлыг тайлбарлахдаа үүнийг санал хураалт хэмээн үзэхээс засгийн газар татгалзаж байна гэж мэдэгджээ. “Өнөөдөр Каталонид бие даах тухай санал хураалт болоогүй, эрх зүйт төр хүчинтэй хэвээр байна” гээд, вант улсын хууль сахиулах байгууллагуудын явуулсан ажилд талархаж буйгаа илэрхийлсэн байна.