Нүүр хуудас Гадаад мэдээ Масуд Барзани:“Ирак тарж бутарч байгаа нөхцөлд күрдүүд тусгаар тогтнохоор зорих болно”

Масуд Барзани:“Ирак тарж бутарч байгаа нөхцөлд күрдүүд тусгаар тогтнохоор зорих болно”

307
0

Иракийн Засгийн газар болон Күрдийн автономит муж хоорондын харилцаа хурцадсанд анхаарал хандуулж, даруй яриа хэлэлцээ хийж, улс орныхоо нэгдмэл байдлыг хамгаалахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс уриаллаа. Аюулгүйн зөвлөл Иракийн асуудлаар зөвшилцсөний дараа Франц улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Франсуа Деффре “Зэвсэгт мөргөлдөөн, заналхийллээс зайлсхийж, даруй яриа хэлэлцээр хийж, улс орныхоо нэгдмэл байдлыг хамгаалахыг Аюулгүйн зөвлөлийн гишүүд Иракийн Засгийн газар болон Күрдийн автономит мужид уриалж байна. Яриа хэлэлцээр хийх хүсэлтэйгээ талууд урьдчилан мэдэгдсэн. Тиймээс хэлэлцээр хийхэд тохиромжтой өдрийг хам­тын нийгэмлэгээс товлох хэрэгтэй. Иракийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, нэгдмэл байдлыг Аюулгүйн зөвлөл хүндэтгэж байгаа бөгөөд “Исламын улс” хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх ёстой гэдгийг дахин нотолж байна” гэв. Иракийн Күрдийн автономит муж нь өнгөрсөн сарын 25нд талуудын эсэргүүцлийг үл хайхран, Иракаас салан тусгаарлах тухай олон нийтийн санал асуулга явуулсан билээ. Харин Иракийн Засгийн газар тэдний үйлдлийг буруушаан хориг арга хэмжээ авсан юм. Иракийн Засгийн газрын арми Күрдийн автономит мужийн зэвсэгт хүчний эзэмшилд байсан маргаантай бүсийг эзэмшилдээ авснаар үл ойлголцол даамжирсан байна. Күрдийн эрх баригчид гал зогсоож, яриа хэлэлцээ эхлүүлэхийг Иракийн Засгийн газарт санал болгож, бүх нийтийн санал асуулгын дүнг түдгэлзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн аж. “Риа новости” агентлаг “Күрд болон Иракийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Иракийн Засгийн газар нэн даруй гал зогсоох, күрдүүдийн явуулж буй цэргийн ажиллагааг зогсоох, бүх нийтийн санал асуулгын дүнг түдгэлзүүлэх, Үндсэн хуулийн дагуу Күрдийн орон нутгийн Засгийн газар болон Иракийн холбооны Засгийн газрын хооронд нээлттэй яриа хэлэлцээр эхлүүлэх гэсэн шаардлага тавьсан” хэмээн мэдээлжээ. “Ирак тарж бутарч байгаа нөхцөлд күрдүүд тусгаар тогтнохоор зорих болно” гэж Күрдистаны Ерөнхийлөгч Масуд Барзани мэдэгдэв. Иракийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж байна. Иракийн күрдүүдийн удирдагч телевизийн CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Күрдийн ард түмэн Иракийн Засгийн газраас тусгаарлахыг хүсч байна. Миний бодлоор, Ирак улс одоогийн хил хязгаараараа оршин тогтнох боломжгүй болсон. Энэ бол шинэ цаг үе. Бид шинэ Иракт аж төрж байна. Ирак хэд хэдэн хэсэгт хуваагдах нь тодорхой боллоо. Засгийн газар хяналтаа хэдийнэ алдсан. Иракийн бутралд бид буруугүй. Күрдийн ард түмний хувьд өөрийн ирээдүйг бие даан тодорхойлох цаг ирлээ. Бид тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх болно” гэж онцлон тэмдэглэсэн байна. Күрдийн Ардчилсан намын дарга Масуд Барзанийг 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here