Холливудын ертөнцийн хувьд Christmas буюу Зул сарын баярын үдшийг хамгийн дурсамжтай байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн шоубизнес, спорт, энтертайментийн одууд баярын үдшээ хэрхэн өнгөрүүлснийг сонирхъё.
Бразилын супер модель Жизель, түүний нөхөр NFL-ын шилдэг тамирчин Том Брэди
Хосууд гацуур модныхоо дэргэд үнсэлцэж буй зургаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан байна. Дэлхийн шоубизнес тэр дундаа спортын салбарын хамгийн хүчирхэг хос гэгддэг Жизель өдгөө 38 настай, Том Брэди 41 настай юм. Хосууд хоёр хүүхэдтэй юм.
“Saturday Night Live” шоуны од, Холливудын нэрт жүжигчин Алек Болдуйн
Хосууд өнөр өтгөн, жаргалтай гэр бүлийнхээ зургаар гангарсан байна. Энэ жил 60 настай Алек нь эхнэр Хилариагаас даруй 26 насаар ах бөгөөд хосууд дөрвөн хүүхэдтэй. Залуудаа Холливудын хамгийн сайхан бүсгүй гэгдэж байсан Ким Бессинжертэй амьдралаа холбож явсан Алек нь 2011 онд хоёр дахь эхнэр иогийн багш Хилариа Томастай учирсан юм. Тэд охин, гурван хүүтэй.
Хадидын халуухан эгч дүүс
Загварын ертөнцийн хамгийн шилдэг моделиуд гэгддэг Хадидын эгч дүүс энэ өдөр ээжтэйгээ хамтдаа зургаа авахуулсан байна. 23 настай Жижи Хадид, 22 настай Белла Хадид, 19 настай Анвар Хадид нар нь бүгд супер моделиуд билээ. Тэдний ээж болох Ёланда Хадид нь Голланд гаралтай телевизийн хөтлөгч, модель бүсгүй байдаг бөгөөд анхны нөхөр болох үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Мохаммед Хадидтай хамт амьдарч байхдаа 3 хүүхдээ төрүүлсэн юм. Ёланда мөн энэ өдөр Белла, Жижи нарын бага байх үеийн өхөөрдөм зургийг хуваалцсан байна.
Жүжигчин Женнифер Лопез түүний найз залуу бейсболлын амьд домог Алекс Родригез
Алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопез баярын үдэш найз залуутайгаа хос хувцсаар гангарчээ. Жей Логийн найз залуу нь Хойд Америкийн мэргэжлийн бейсболлын амьд домог болсон шилдэг тамирчин Алекс Родригез юм. Уран бүтээлийн талд үргэлж манлайлагч байж чаддаг Жей Ло хувийн амьдралын тал дээр бүтэл муутайхан байдаг нь үнэн. Тэрбээр нийт гурван удаа гэрлэлтээ цуцлуулж байсан бөгөөд 3 дахь нөхөр дуучин Марк Антонигоос 2 ихэр хүүхэдтэйгээ үлдсэн юм. Дуу хөгжмийн ертөнцийн нэг дива ийнхүү найз залуутайгаа Зул сарыг тэмдэглэсэн бол, нөгөө томоохон дива болох Марая Кери хүүхдүүдийнхээ хамтаар Санта Клаустай баяраа хуваалцжээ.