Саудын Арабын эзэн хаан Салман өнгөрсөн есдүгээр сард эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрсөн билээ. Олон жилийн турш тус улсын эмэгтэйчүүд машин жолоодож, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байсан юм. Мөн ирэх оноос эмэгтэйчүүдэд цэнгэлдэх хүрээлэнд орж спортын арга хэмжээнүүдийг үзэж сонирхохыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, тус улсын нийслэл Эр-Рияд, Жидда болон Даммам гэсэн гурван томоохон хотын цэнгэлдэх хүрээлэн рүү эмэгтэйчүүд ирэх оноос орох эрхтэй болж байна.
Эзэн хаан “Эх оронд нь олон жилийн турш хууль мэт хэрэгжиж буй эрх тэгш бус жендерийн асуудлыг цэгцлэх болно” хэмээн ард түмэндээ амласан билээ.
Тус улсын спортын албаныхан дээрх ажилд хэдийнэ бэлдэж эхэлсэн байна. Өмнө нь бүсгүйчүүд зоогийн газар, кофе шоп зэрэгт байршуулсан дэлгэцний тусламжтай цэнгэлдэхэд болж буй тоглолтуудыг үздэг байсан юм.
Саудын Араб хэдий үсрэнгүй хөгжилтэй, иргэд нь баян чинээлэг амьдардаг боловч эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг улсын нэг билээ.