“Game of Thrones” цувралын Санза Старк буюу жүжигчин Софи Тюрнерын хувьд энэ жил уран бүтээл, хувийн амьдралын тэсрэлттэй үе нь болж байна. Алдарт цувралынхаа сүүлчийн улирлын ангиудаар үзэгчидтэй уулзсаны зэрэгцээ тун саяхан дуучин Жой Жонастай Лас Вегаст хуримласан төдийгүй, түүний тоглосон X-Men цувралын цоо шинэхэн анги дэлгэцнээ тавигдахаар хүлээгдэж байна.
Хүч тэнхээгүй боловч арга мэхтэй Санзагаас асар их хүч чадалтай мутант болох Жийн Грейн дүрд шилжин тоглоход амаргүй байсан тухайгаа ч Софи Тюрнер хуваалцжээ.
Энэ жил 23 настай Софи Тюрнер нь X-Men: Dark Phoenix киноны гол дүр болох Жийн Грэйн дүрийг бүтээж, кино жүжигчний карьертаа томоохон дэвшилттэй алхам хийгээд байна.
Эхэн үедээ Холливудын шилдгүүд болох Женнифер Лоурэнс, Жеймс Маковой, Майкл Фассбендер, Николас Хоулт нартай хамт жүжиглэнэ гэхэд сүрдэж байсан ч, маш сайхан хамт олон болж чадсан гэдгээ нуухгүй байна.
Дашрамд хэлэхэд Софи Тюрнерын гол дүрийг нь бүтээсэн X-Men: Dark Phoenix кино нь энэ 6 сарын 8-наас эхлэн дэлхийн улс орнуудад нээлтээ хийх юм. Киног бүтээхэд 200 сая ам.долларыг зарцуулжээ.
Хувийн амьдралын тал дээр Софи нь дэлхийд нэртэй хамтлагийн дуучин залуутай амьдралаа холбоод удаагүй байгаа юм. Jonas Brothers хамтлагийн дуучин, 29 настай Жой Жонас болон Софи Тюрнер нарын хурим Невада муж улсын Лас Вегас хотод өнгөрсөн 5 сард болсон. Тэд 3 жил үерхсэнийхээ дараа ийнхүү хуримаа хийсэн юм.
Английн жүжигчин Софи Тюрнер нь хэрэв Game Of Thrones-ын цуврал 9 дэх улиралдаа үргэлжлэх тохиолдолд Санзагийн дүрийг дахин бүтээхээсээ татгалзахгүй, огтхон ч эргэлзэхгүй тоглоно хэмээн ярьж байна. Тэрээр хэлэхдээ “Сонсооч, мэдээж GOT дууссаныг мэдэж байна. Гэхдээ 9 дэх улирал гэж хийгддэг бол би дуртайяа тоглоно. Тэр нь олон жилийн дараа байж ч мэдэх юм” хэмээн хэлжээ.