Нүүр хуудас Гадаад мэдээ Туркд ОХУ-ын элчин сайдыг буудан хороожээ

Туркд ОХУ-ын элчин сайдыг буудан хороожээ

275
0

ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг буудаж, амь насыг Туркийн цагдаагийн ажилтан  хөнөөсөн хэрэг гарлаа.

Андрей Карловыг Анкара хотод болж байсан уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож байхад нь энэ хэрэг гарсан байна.

Түүнийг буудсан шалтгааныг ОХУ Сирийн асуудалд оролцож, Алеппо хотыг босогчдоос чөлөөлөхөд тусалсан явдал гэж үзэж байгаа ажээ.

Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Соилу зэвсэгт этгээдийг 22 настай, Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Алтинтас гэгч байсан гэдгийг мэдэгдсэн байна.

Тэрбээр Элчин сайдад халдахаар буу гаргаж ирэх үедээ “Алеппог мартах хэрэггүй”, “Аллах Акбар”, “Сирийг битгий март” хэмээн хашгичиж байжээ. Одоогоор түүний ямар нэгэн гэмт бүлэглэлд харьяалагддаг эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ хэргийг “Террорист халдлага” хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. ОХУ-ын тагнуул болон мөрдөн байцаах ажилтнууд Туркт болсон хэрэг дээр ажиллахаар тус улсад очих талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ

Хэргийн дараа Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярьж, энэхүү харамсалтай хэрэг хоёр орны диломат харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, алуурчдыг илрүүлэхэд хамтран ажиллахаар ярилцжээ. Туркийн ерөнхийлөгч Анкара дахь ОХУ-ын элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгажээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлын талаар: “Орос-Туркийн харилцааг муутгах, цаашлаад Сирийн хямралыг дэврээх гэсэн өдөөн хатгалга. Энэ бүхний хариуд Москва  “Терроризмтай тэмцэх тэмцлийг өргөжүүлнэ. Алуурчид үүнийг удахгүй мэдрэх болно” гэжээ.

Путин амь үрэгдсэн Элчин сайд Карловыг “Сайн дипломатч” байсныг дурсаад, төрийн одон медалиар нэхэн шагнахыг албаныханд үүрэг болгожээ. Мөн тэрбээр гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн хамгаалалтыг чангатгах үүрэг өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here