~Туркын Ерөнхийлөгч тангаргаа өргөлөө~
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн тусгай элчийн хувиар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоаны “Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсны ёслолын арга хэмжээ”-нд оролцлоо.
БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны “Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсны ёслолын арга хэмжээ”-нд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, Тамгын газрын дарга З.Энхболд тус улсад зочлох үеэрээ Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушолутай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Тус улсын Гадаад хэргийн сайдын зүгээс Монгол, Туркийн харилцаанд чухал ач холбогдол өгч ажилладгаа тэмдэглэн, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нөөц бололцоо бий хэмээн онцлов. Үүний тулд Истанбул-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэх асуудлыг шийдэх шаардлагатай байгаа гэсэн юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон нь иргэд хоорондын харилцааг идэвхжүүлсэн хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар хэлсэн юм. Мөн уулзалтын үеэр талууд аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.