Туркийн Газиантеп мужийн Каркамыш хотод хийж буй археологийн малтлагын явцад нэгэн ваар олдсон ба түүн дээр өдгөө хамгийн өргөн хэрэглэж буй тэмдэглэгээ болох смайлыг дүрсэлсэн байжээ. Археологичид Туркийн өмнөд нутагт малтлага хийх явцдаа хамгийн эртний байж болох смайлыг /инээмсэглэж буй царайг дүрсэлсэн график дүрслэл/ олжээ. Уг ваарыг багцаагаар МЭӨ 1700 онд урласан бололтой.
“Бид энэ улирлын хувьд хамгийн сонирхолтой гэж болох олдворыг олсон, магадгүй бид дэлхийн хамгийн эртний смайлыг олсон ч байж мэднэ. Гэхдээ гар урчууд ямар зорилгоор смайлыг вааран дээр зурсан нь тодорхойгүй байгаа боловч бид түүнийг инээмсэглэл гэж үзэж байгаа. Энэхүү ваарыг дорно дахины улс орнуудад өргөнөөр ашигладаг ургамлын ундаа хийхэд ашигладаг байсан гэж таамаглаж байна” хэмээн Италийн Болонья хотын их сургуулийн профессор, Турк-Италийн археологчдын хамтарсан багийн ахлагч Николо Маркетти ярилаа.
Профессорын хэлснээр, уг савыг жижигхэн бариул бүхий цайвар өнгийн ваар хэлбэртэйгээр урлажээ. “Хамгийн их нүдэнд тусч байгаа зүйл бол мэдээж хэрэг инээмсэглэж буй хүний царай. Сэргээн засварлагч урчууд уг савны хагархай хэсгүүдийг бүгдийг нь нийлүүлэн анхны байдалд нь оруулсны дараа л бид смайл байгааг олж харсан” хэмээн Маркетти ярьжээ.
Мэргэжилтнүүд шинэ олдвороо Газиантепын археологийн музейд шилжүүлэн өгөх гэнэ.