НҮБ-д суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ким Ин Рён АНУ-ын тал Хойд Солонгосын болзлыг хүлээн авсан тохиолдолд бид цөмийн зэвсгээсээ татгалзах болно гэж хэлсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Дипломатчийн хэлснээр, Хойд Солонгос цөмийн зэвсгийг бүрэн хориглох тухай саналыг дэмжиж байгаа аж.
Рён НҮБ-ын Ерөнхий ассамблейн зэвсэг хураах асуудал эрхэлсэн хорооны хуралдаан дээр долдугаар сард баталсан Цөмийн зэвсгийг бүрэн хориглох тухай конвенцийг дэмжиж буйгаа хэлсэн байна. Тиймээс тэрээр АНУ энэхүү баримт бичгийг зөрчиж буйг тэмдэглэжээ.
Хойд Солонгосын дипломатч хэлэхдээ “АНУ сүрдүүлэг заналхийллээ зогсоогоогүй тохиолдолд бид зөвшилцөлд хүрэхгүй” гэсэн байна. Мөн “АНУ-ын зүгээс дайсагнасан ажиллагаагаа зогсоож, цөмийн аюул заналыг бүрэн арилгахгүй бол бид ямар ч нөхцөлд цөмийн зэвсэг, баллистик пуужингаа үргэлжлүүлэн туршиж, сонгосон замаасаа нэг алхам ч ухрахгүй” гэжээ.