Дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох Хятад улс дизель, бензин суудлын автомашин болон ачааны битүү тэрэг үйлдвэрлэж, борлуулахыг хориглохоор төлөвлөж байгааг Хятадын албан ёсны мэдээллийн “Шиньхуа” агентлаг мэдээллээ. Хятад улсын Аж үйлдвэрийн дэд сайдын мэдэгдсэнээр, “холбогдох судалгаа”-г хийж эхэлсэн боловч энэ хоригийг яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэхээ хараахан шийдээгүй байгаа аж. Сайд Шинь Гуобинь хэлэхдээ “Эдгээр арга хэмжээ нь манай улсын автомашин үйлдвэрлэлийн хөгжилд асар их өөрчлөлт авчрах болно” гэжээ. Хятад улс өнгөрсөн онд 28 сая автомашин үйлдвэрлэжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн нийт автомашины бараг гуравны нэг хувь гэсэн үг юм. Бусад улс орон, тухайлбал Их Британи болон Франц улс агаарын бохирдлыг бууруулж, агаарт ялгарч буй нүүрсхүчлийн хийг багасгах хүчин чармайлтын хүрээнд дизель болон бензин автомашиныг шинээр үйлдвэрлэхийг 2040 он гэхэд хориглохоор төлөвлөж байгаагаа хэдийнээ зарласан билээ. 2019 оноос шинээр үйлдвэрлэх бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж буйгаа Хятадын “Жили” компанийн эзэмшилд очсон “Волво” компани өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байв. “Волво”-г эзэмшигч “Жили”” компани 2025 он гэхэд 1 сая цахилгаан автомашин борлуулах зорилт тавьжээ. Дэлхийн автомашин үйлдвэрлэгч бусад компани, тухайлбал “Рено-Ниссан”, “Форд” болон “Женерал Моторс”-ын Хятад дахь үйлдвэрүүд бүгд цахилгаан автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байна.