Тайландад насан өндөр болсон хөршөө хөнөөгөөд, элгийг нь идэхээр авч явсан эрийг баривчилсан байна. Махчин эрийн өгүүлснээр, хүний элэг түүний амьдралыг уртасгахад тусална гэжээ. 24 настай Паере Жонгтхонгийг Тайландын зүүн хойд зүгт орших Бынгхан мужийн Донг Суанг тосгонд баривчилсан тухай Sun мэдээлжээ. Уг эр өөрийн хөрш 79 настай Тан Лун-убоныг хөнөөсөн болохоо цагдаад хүлээсэн байна. Залуу эр хөршийндөө байнга зочилдог байсан бөгөөд хэрэг гарах өдөр очихын өмнө метамфетамин хэрэглэж, марихуан хэрэглэсэн байжээ. Ингээд тэр хоёр ярилцаж байх явцад хөрш нь түүний эцгийг хөнөөсөн болохоо хэлсэн гэнэ. Үүнийг сонссон залуу эр ихэд уурсан хөршөө хэд хэд хутгалан хөнөөгөөд, дараа нь хэвлийг ярж элгийг нь хэрчин авсан аж. Түүнийгээ салаттай холин идэх гэж байсан тухайгаа алуурчин эр ярьсан байна.