Хятадын Шандун мужийн нутаг дэвсгэрт 5000 орчим жилийн өмнө амьдарч байсан “аварга том биетэй” хүмүүсийн шарил олдсон байна. Хятадын археологичидын олсон уг олдвор нь хүмүүс тухайн үедээ аварга том биетэй буюу 1,9 м-ээс дээш өндөр нуруутай байжээ. Шарилын ясыг нь шинжилж үзэхэд тэд том бие бялдартай байсан нь хүнс хоол элбэг байсантай холбоотой байх хэмээн Шандуны их сургуулийн дэргэдэх Түүх соёл судлалын төвийн захирал Фан Хуэй сэтгүүлчдэд ярилаа.
Уг олдворуудыг өнгөрсөн жилээс эхлэн Шандун мужийн Жинин хотын орчимд хийж буй малтлагын явцад илрүүлсэн бөгөөд эрдэмтэд одоогийн байдлаар 100 гаруй барилгын балгас туурь, 200 гаруй булш, 20 орчим өргөлийн хонхор байгааг илрүүлээд байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар, газар дороос гаргаж ирсэн эдгээр шарилууд нь шинэ чулуун зэвсгийн үеийн Луншаны соёл иргэншлийн үед Хуанхэ мөрний сав газраар нутагладаг байсан хүмүүсийнх байх магадлалтай гэсэн таамаглал байна.