2008-2013 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч байсан Ли Мён Бакийг авилгын хэрэгт буруутгаж байгаа тухай өмнөдийн “Ренхап” агентлаг мэдээллээ.
Тэрбээр өөрт нь тулгаж буй зэмтэй холбогдуулан прокурорын газарт мэдүүлэг өгөх юм байна. Ийнхүү тэрбээр эрүүгийн хэрэгт холбогдож байгаа Өмнөд Солонгосын 5 дахь ерөнхийлөгч болж байна.
Өмнөд Солонгосын өмнөх 7 ерөнхийлөгчөөс зөвхөн 2-т нь л эрүүгийн хэргээр зэм тулгаж байгаагүй. Үүний өмнө мэдээлсэнчлэн экс ерөнхийлөгч Ли Мён Бакийн ах Ли Сан Дык улсад томд тооцогддог ган үйлдвэрлэгч “Поско” компанийн оролцоотой авлигын хэрэгт холбогдож, шоронд 15 сар хорих ял авсан. Мөн 2013-2017 онд ерөнхийлөгч байсан, 2017 оны 4 дүгээр сард баривчлагдсан Пак Гын Хэ-гийн хэргийн шийд гарах ёстой. Түүнийг 18 зүйл ангиар, үүний дотор авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задраасан гэх зүйлээр зэм тулгаж байгаа.
Прокурорын газар Пак Гын Хэ-д шоронд 30 жил хорих ял оноохыг шаардаж байгаа бөгөөд Сөүл хотын шүүх ирэх сарын 6-ны өдөр шийд гаргана. 1997 онд 1980-1988 онд ерөнхийлөгч байсан Чон Ду Хванд цэргийн эргэлт хийхэд оролцсон гэдгээр бүх насаар нь шоронд хорих ял оноож байсан бол 1988-1993 онд төрийн тэргүүн байсан Но Тэ У төрийн эргэлт хийхэд оролцсон, хахууль авсан хэргээр шоронд 17 жил хорих ял авсан ч энэ 2 хүнд өршөөл үзүүлж сулалсан.
2003-2008 онд ерөнхийлөгч байсан Но Му Хёныг 2009 онд авилгын хэрэгт буруутгасан ч тэрбээр амиа егүүтгэсэн. Сүүлийн мэдээгээр, Ли Мён Бак мэдүүлэг өгөхөөр прокурорын газарт ирсэн байна. Тэрбээр өөрийг нь хүлээж байсан сэтгүүлчидтэй уулзалгүй, шууд прокурорын газар руу оржээ. Ли Мён Бакийг 10,3 сая долларын авлига авсан гэж үзэж байна.