Зөвхөн эрчүүд амьдардаг Японы арлыг “Дэлхийн соёлын өв”-д бүртгэснээ ЮНЕСКО зарласан талаар мэдээлсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, Окиношима арал дээр зөвхөн лам нар амьдардаг бөгөөд тэд бүтэн жилийн турш залбирал үйлддэг ажээ. Тус арал дээрх орон нутгийн шинто ариун сүмд жилд ганцхан удаа хоёр цагийн хугацаанд, шашны ёслолд оролцохыг зөвхөн эрчүүдэд зөвшөөрдөг байна.
Энэ жилийн 200 зочин тийш очихын өмнө заавал далайд угаал үйлдсэн байх ёстой аж. Тус аралд эмэгтэйчүүд очихыг хориглодог юм байна. Япон улсын баруун өмнөд нутгийн Фүкүока мужийн нутаг дэвсгэрт харьяалагдах уг аралд олон тооны сүм байдаг ажээ.
Окиношима арал дээр нийтдээ 80 мянга гаруй ширхэг эртний түүхийн эд өлгийн зүйлс байдгийг япон үндэстний үнэт баялаг хэмээн үздэг байна. Арал дээр очсон эрчүүд аяллынхаа талаар хэнд ч ярих ёсгүй, арлаас ямар нэгэн эд зүйл авч явахыг хатуу хориглодог талаар зарим эх сурвалжид мэдээлжээ.