Ливийн удирдагчийг зайлуулах оролдлого 30 жилийн өмнөөс эхэлсэн тухай ноцтой баримт олджээ.
“Переводика” портал сайт 1981 оны наймдугаар сарын 3-нд “Newsweek” сэтгүүлд нийтлэгдэж байсан “М.Каддафийг унагах төлөвлөгөө” гэсэн материалыг саяхан нийтэлжээ. Түүнд “… энэ бол ТТГ-ын явуулах сонгодог ажиллагаануудын нэг байх болно.
Ажиллагааны эхний хэсэг нь М.Каддафийн дэглэмийн сул талуудыг олон нийтэд сурталчлах явдал. Дараагийн алхам нь хүчтэй сөрөг хүчнийг бий болгох. Ажиллагааны гуравдугаар шат нь (эрсдэлтэй ч байж болох юм) М.Каддафийн эсрэг хагас цэргийн ажиллагаа явуулах бүлэг байгуулж, дэмжих, болж өгвөл М.Каддафийн эсрэг партизаны дайн өдөөх” гэж өгүүлжээ. Ийм төлөвлөгөө 30 жилийн өмнө л гарч байсан байна.
Тэгвэл өнгөрсөн жилүүдэд болж өрнөсөн бүхэн яг энэ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэнийг дэлхий нийт мэднэ. АНУ-ын зүгээс М.Каддафийг устгаснаар өөрийн нөлөөллөө Ойрхи Дорнодод тогтооно гэж тооцож байсны нэгээхэн баримт нь энэ боллоо.
М.Каддафи бүр 2002 онд Араб, Африкийн орнуудад хандан ам.доллар, еврогоос татгалзаж, алтаар цутгасан динар хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох саналыг дэвшүүлж байжээ. Тэрбээр Араб, Африкийн 200 сая иргэнийг нэгтгэсэн холбооны улс байгуулахыг мөрөөдөж байв. Түүний энэ санааг Ливи, Иран, Судан, Бруней улсууд шууд дэмжсэн бол Индонези, АНЭ, Йемен, Бангладеш, Мавритани, Мальдив улсууд сүүлд дэмжигчдийн эгнээнд нэгдсэн юм. Эдийн засгийн хямрал нүүрлэсний дараа дэлхийн улс орнуудын дунд алтны нөөцөө нэмэгдүүлэх нууц уралдаан явагдаж эхэлсэн билээ. БНХАУ энэ уралдаанд одоогоор хамгийн идэвхитэй оролцож тэргүүлэх хандлагатай байгаа бөгөөд саяхан алтан юань цутгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн билээ.
М.Каддафийн 1983 онд эхлүүлсэн Ливийг цэвэр усаар хангах хоолойн ажил өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд дуусч, ашиглалтад орсон. Энэ үед М.Каддафи “Одоо манай оронд АНУ-ын зүгээс ирэх аюул занал хоёр дахин нэмэгдлээ” гэж хэлж байв.