Машин үйлдвэрлэлийн “Mazda” компани “Takata” фирмийн үйлдвэрлэсэн аюулгүй дэрийг солих зорилгоор АНУ-аас 80 000 орчим машинаа эргүүлэн татахаар болжээ. Мягмар гарагт “Associated Press” агентлагийн мэдээлснээр, дээрх эргүүлэн татах ажиллагаанд 2007-2009 онд, мөн 2012 онд үйлдвэрлэгдсэн CX-7, CX-9, Mazda 6 загварууд хамрагдах ажээ.
“Takata” компани нь өмнө нь 2014 онд дуулианд өртөж байсан билээ. АНУ-ын эрх баригчдын тогтоосноор, тус компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр нь пиропатроны гэмтлийн улмаас осол болох үед буруу дэлгэгдэж хагарах, эсвэл машины салонд сууж яваа хүн рүү металлын өөдөс хэлтэрхийгээр буудах магадлалтай ажээ. Ийм шалтгаанаар дэлхий дээр хамгийн багадаа 16 хүн амь насаа алдаж, 180 гаруй хүн шархадсан байдаг ба амиа алдсан 16 хүний 11 нь АНУ-д оногдож байгаа аж. “Takata” фирмийн үйлдвэрлэсэн аюулгүй дэрний асуудлаас болоод дэлхий даяар нийтдээ 120 сая гаруй машиныг эргүүлэн татаж байсан байна.