Австралийн оршин суугч нэгэн бүсгүй 9 настай хүүгийн хамт 10 хоног ойд төөрч, хоол хүнс, усгүй байсан хэдий ч амьд гарч чаджээ. 40 настай Мишель Питман өөрийн хүү Диланы хамт Сидней хотоос хойд зүгт орших “Маунт Ройал” үндэсний паркт явган аялал хийхээр энэ сарын 2-ны өдөр гарсан тухай Daily Mail мэдээлсэн байна.Тэднийг товлосон цаг хугацаандаа гэртээ эргэж ирэхгүй болохоор ойр дотныхон нь цагдаад мэдэгдсэн аж. Энэ сарын 9-нд эмэгтэйн машиныг тус паркийн нутаг дэвсгэр дээр олсон бөгөөд цагдаагийнхан, аврагчид, эмч нар, паркийн рейнжерүүдээс бүрдсэн эрж хайх баг ажиллагаагаа эхлүүлжээ. Эхний хэдэн өдөр эрэл хайгуул үр дүн муутай байсан бөгөөд харин 12-нд буюу өчигдөр ээж, хүү хоёр ойгоос нэг зам дээр гарч ирснээр тэднийг олж харсан аж.
Тэд турж эцсэн, шавьжинд хазуулж, бие нь шалбарч зулгарсан байдалтай байсан хэдий ч харьцангуй цоглог байсан гэнэ. Дараа нь тодруулснаар, Мишель, Дилан хоёр хадан дээр тогтсон борооны ус уун цангаж үхэх аюулаас аврагдсан байна. Тэднийг эмнэлэгт хүргэн, шинжилгээ хийлгэж, эмчлүүлэхээр болсон аж.