Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллажээ.
Дорнод аймгийн хувьд албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, төсвийн хөрөнгийг хууль бусаар үр ашиггүй зарцуулах, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй,
хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хоцроох, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилсны дараа хянуулах, иргэд, аж ахуйн нэгжээс гаргасан өргөдөл, гомдлыг хангалтгүй хэмжээнд шийдвэрлэх, төрийн үйлчилгээний албан хаагчид иргэдээс хууль бус төлбөр хураамж авах зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрчээ.
Аймаг, сумын ИТХ болон Тэргүүлэгчид нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоосон байна. Тухайлбал, Баян-Уул суманд 5, Цагаан-Овоо суманд 4, аймгийн ИТХ-аас 3, ИТХ-ын Тэргүүлэгчид 1 шийдвэрийг эрх хэмжээ хэтрүүлэн гаргажээ.
АТГ-ын ажлын хэсэг Дорнод аймагт албан томилолтоор ажиллах хугацаандаа нэр бүхий албан тушаалтанд холбогдох хээл хахуулийн 11 үйлдэлтэй хэрэг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
~АТГ-аас Дорнод аймагт ажиллаж, хахуулийн 11 хэргийг илрүүлэв~
Аймгаас сумдад ажилласан хяналт шалгалтын болон бусад байгууллагын ажлын хэсгийн гишүүдийн хоол, зочид буудал болон бусад зардлыг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах нь түгээмэл байна. Зарим сумын Засаг дарга, бусад албан хаагчид зардал төлбөрийг хувиасаа гаргадаг аж. Хяналт шалгалтын ажлын хэсгүүд нь чиг үүргийн хувьд давхцсан байдлаар шалгах, ойр ойрхон тасралтгүй ирдэг байдал нь суманд хүндрэл учруулдаг гэв.
Жилд дунджаар суманд 13-16 ажлын хэсгийн 90 гаруй хүн ирж очдог байна. Гаднаас ирсэн зочид төлөөлөгчдийн зардлыг төлж дийлэхгүйгээс өр, төлбөрт орсон сум ч байна. Энэ төрлийн зөрчил гарах болсон шалтгаан хяналт шалгалтын ажлын хэсгийн гишүүдэд албан томилолтын зардал өгдөггүй, хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөгүй, ажлын уялдаа холбоогүй байдагтай холбоотой.
Уг асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэхээр АТГ-ын ажлын хэсэг аймгийн удирдлагад танилцуулсны үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргын “Төсвийн сахилга бат, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” захирамж гарсан бөгөөд харьяа байгууллагын удирдлагуудад захирамжийг танилцуулж мөрдөн ажиллах талаар үүрэгжүүлсэн байна.
Уг захирамжаар “төрийн байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийн давхардлыг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор нийт төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, байгууллагуудын сумдад ажиллах ажлын нэгдсэн төлөвлөгөөг жил бүрийн 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан саналаа хүргүүлж батлуулах, хяналт шалгалтыг нэгтгэн явуулах,
төрийн албан хаагчийг дээд шатны удирдах байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу албан томилолтоор ажиллуулах тохиолдолд холбогдох шийдвэр, баримт бичгийг үндэслэн томилолтын зардлын 80-аас доошгүй хувиар урьдчилан олгох”-ыг шийдвэрлэжээ.