Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Түнэл, Арбулаг, Төмөрбулаг зэрэг суманд хяналт шалгалтын үйл ажиллагаа явууллаа. Төрийн байгууллагаас гаргасан хууль бус тушаал шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулах арга хэмжээг авав.
Тухайлбал, тус аймгийн Засаг даргын 2016 оны А/546 дугаар захирамжаар “Боловсролын бирж”-ийн журмыг батлан мөрдүүлсэн бөгөөд энэхүү журмаар аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежерийг сонгон шалгаруулах, ажилд томилох үйл ажиллагааг зохицуулсан байна.
Гэтэл уг журмыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйн дээр багш сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тодорхой зааж өгөөгүйгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бий болгосон байв. Иймд АТГ-ын хэсгээс уг журмыг хүчингүй болгуулах арга хэмжээг авчээ.
Түүнчлэн тус аймгийн болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр нийтээр дагаж мөрдөх журам баталж мөрдүүлсэн, мөн тухайн сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа болон дамжин өнгөрсөн өөр сумын иргэдээс бэлчээрийн төлбөр, хураамж авахаар шийдвэрлэсэн зэрэг хууль бус тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах арга хэмжээг авсан байна.
~`АТГ-аас хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулжээ~
Түнэл сумын Засаг даргын 2017 оны А/80, 2017 оны А/95 тоот захирамжуудаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зохих ёсоор хэрэглээгүй, бүрдүүлбэл зохих бичиг баримтгүйгээр 200 га газрыг иргэдэд хууль бусаар давуу байдал олгож эзэмшүүлсэн байжээ.
Мөрөн суманд зохих зөвшөөрөлгүй атлаа шатахуун түгээх станц барьж ашиглалт оруулсан байхад аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газар зөрчлийг тухайн үед нь таслан зогсоогүй, улсын комисс хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа тул шаардлагатай арга хэмжээг авах,
мөн аймгийн хэмжээнд хийгдэж буй газар олголт, ашиглалтын үйл ажиллагаанд дотоод хяналтыг сайжруулах, хуулийг ялгаваргүй нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулав.
Ажлын хэсгээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын болон тус аймаг дахь төрийн байгууллагуудын албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр сургалт хийж, нийтлэг гарч буй зөрчил, дутагдлын талаар анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөжээ.