Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Номын баяр-2019″ арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төр, засгийн түшээдээс гадна МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай тэргүүтэй зохиолчид оролцов.
13 дахь жилийн “Номын баяр”-ын үйл ажиллагааг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхэд багачуудыг ном уншиж, ойлгох дадал хэвшилд суралцуулах, номтой нөхөрлүүлэх, дүүрэг, сургууль, цэцэрлэг бүрт номын сан байгуулах, уншлагын танхимтай болгох зорилгоор “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа Д.Мөнхжаргал төлөөлөгчийн хамтаар “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхлүүлсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж, Улаанбаатар хотод номын сангүй, уншлагын танхимгүй цэцэрлэг байхгүй болсон гэж хэлж болно. Жилээс жилд цар хүрээгээ тэлж, уншигч, зохиолчдын хүсэн хүлээдэг чухал арга хэмжээ болсон энэхүү “Номын баяр”-ын үйл ажиллагааг цаашид ч нийслэлийн зүгээс дэмжиж оролцсоор байх болно” хэмээн онцолж хэлсэн юм.
Мөн хотын дарга энэ жил тохиож буй нийслэл хотын түүхт 380 жилийн ойн хүрээнд орчин үеийн хүүхдийн зохиол, бүтээлийн өв санг нэмэгдүүлэх, хүүхдийн зохиолчдыг дэмжих зорилгоор 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласнаа нээлтийн үеэр дуулгалаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Ном бол бялдуучилдаггүй, долигнодоггүй, зоддоггүй, зандардаггүй боловч хамгийн хатуу бөгөөд үнэнийг хэлдэг багш гэдэг. Эрдэм номын баяртаа өргөнөөр оролцож, хүүхэд багачууд та бүхний номын цагаан буян дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” хэмээв.
“Хүүхэд Монголын ирээдүй” уриатай гурван өдрийн турш зохион байгуулагдах энэхүү “Номын баяр”-т 300 гаруй зохиолч, 120 хэвлэн нийтлэгч нар оролцож байгаа аж. “Номын баярын энэ жилийн онцлог нь хүүхдийн зохиолчдыг чадваржуулах, хүүхдэд зориулсан зохиол бүтээлийг чанаржуулахыг уриалж байгаад оршиж байгаа” хэмээн Үндэсний номын баярыг 13 дахь жилдээ зохион байгуулж буй “Номын гэрэлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлсэн.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав “Манай зохиолчдын он удаан жил хүсэн хүлээж байгаа зүйл нь төр, засгийн дэмжлэг юм. Сүүлийн үед харин төр, засгаас соёл, урлагаа, уран зохиолоо дэмжихээр ярьж байгаа нь сайшаалтай хэрэг. Өнөөдрийн энэхүү “Номын баяр”-ын үеэр хотын дарга С.Амарсайхан нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн зохиолын уралдаан” зарлах гэж байгаагаа хэллээ. Энэ бол зөвхөн хүүхдийн зохиолчид гэлтгүй, Монголын уран зохиолын хүрээнийхэнд урам зориг өгсөн үг байлаа. Хүнийг өөрчилье гэвэл дотоод зүрх сэтгэлийн хүмүүжлийг нь өөрчлөх хэрэгтэй. Үүнийг номоор л хийдэг, өөрчилдөг юм” хэмээн ярилаа.
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч гуайг талбайн асарт тухлан, уншигч, олон нийттэй энгүүн яриа өрнүүлэн хууч дэлгэж байх үеэр сэтгэгдлийг нь сонслоо. Буурал найрагч “Манай Ц.Дамдинсүрэн гуай “Хар авдарт ном бий, Хазгар өвгөнд эрдэм бий” гэж хэлсэн байдаг. Ном эрдмийг ямагт дээдэлж явахыг хэлсэн санаа шүү дээ. Жил жилийн номын баярт цуглаж байгаа хүмүүс номонд хайртайдаа, ном унших дуртайдаа Сүхбаатарын талбайд зорин ирдэг юм. Түүнээс биш надад хайртайдаа цуглаад байгаа юм биш” хэмээн егөөдөв.