9-р сарын 21, 26-ны өдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын 70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь сануулах ажил хаялт зарлаж, хичээлээ заахгүй, хүүхдүүд хүлээж авахгүй юм. Энэ сарын 18-ны өдөр “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо” хуралдаж, сануулах ажил хаялт хийх шийдвэрт хүрчээ.
Багш нар хичээл хаялтад албан ёсоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өнөөдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн 9-р сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдлийг албан ёсоор хүргүүлжээ.
Багш нар ажлын байрандаа хичээл заахгүй бөгөөд энэхүү хичээл хаялт үр дүнгээ өгөхгүй бол дахин цаашид хугацаагүйгээр хичээл хаялт зарлана хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа билээ.
Тэд Засгийн газартай гурван талт хэлэлцээр хийхээр ширээний ард суусан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй тул ийнхүү хичээл хаялтаа явуулахаар болоод буй. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо 8-р сарын 10-ны өдөр байгуулагдаж, 8-р сарын 30-ны өдөр төв талбай дээр 12 мянгуулаа лоозон барин жагсаал зохион байгуулсан.
Мөн тэд засгийн газарт гурван шаардлага бүхий албан бичиг хүргүүлж, 9-р сарын 15-ны дотор хариу өгөхгүй бол хичээл хаялт зарлана хэмээж байв. БСШУСЯ-наас “Бидэнд энэ асуудлыг бүрэн шийдэх эрх байхгүй. Харин та бүхнийг бүх шатанд дэмжиж ажиллана хэмээсэн байдаг.
Түүнчлэн багшийн цалин нэмэгдүүлэх түр хороонд 9-р сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 1-р сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэх тайлбарыг ирүүлсэн байна. Харин энэхүү хариуг багш нарын түр хорооноос хангалтгүй хэмээн үзэж тэмцлийн шатандаа хүрчээ.
Багш нарын зүгээс нийгмээ ядуурлаас аварч, амьдралын баталгаагаа дээшлүүлэх хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхийг хүсч буй. Гэвч багш нар цалингаараа амьдралаа залгуулах нь битгий хэл банкин дахь зээлээ ч төлж чадахгүй байдалтай олон жил амьдарч ирснээ удаа дараа мэдэгдсэн билээ. Тийм учраас цаашид тэсэхгүй, цалин бодитоор нэмэх хүртэл тэмцэнэ хэмээх байр суурь илэрхийлсээр байгаа юм.